Мэдээ

AI агентуудын UI-тай харилцах гацааг шийдэх нь: Нээлттэй "AG-UI" протокол болон Microsoft-ийн шинэ SDK

TOGTOKHTOGTOKH·2026 оны есдүгээр сарын 28·0 үзсэн·
AI агентуудын UI-тай харилцах гацааг шийдэх нь: Нээлттэй "AG-UI" протокол болон Microsoft-ийн шинэ SDK

Вэб болон программ хангамжийн ертөнц олон арван жилийн турш нэгэн сонгодог загвар дээр тогтож ирсэн: Request -> Response. Хэрэглэгч товч дарна, клиент сервэр рүү хүсэлт илгээнэ, сервэр мэдээллийг боловсруулаад JSON хариу буцаана, клиент түүнийг дэлгэцэнд дүрсэлнэ. Бүх зүйл тодорхой, синхрон эсвэл энгийн асинхрон урсгалтай.

Гэвч бүрэн бие даасан AI агентууд (Agentic AI) энэхүү тогтсон архитектурыг сууриар нь эвдэж эхэллээ. Агент нь нэг товшилтоор шууд хариу өгдөггүй; цаанаа олон минутын турш гадаад API дуудаж, дэд агентуудад даалгавар шилжүүлж, үр дүнгээ шинжилж, дундын төлөвүүдийг (state) шинэчилж байдаг. Үүнийг фронтэндтэй холбох нэгдсэн стандарт байхгүйн улмаас хөгжүүлэгчид баг бүрээрээ гар хийцийн WebSocket болон SSE (Server-Sent Events) урсгал зохиож, кодын эмх замбараагүй байдал үүсгээд байв.

Энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр гарч ирсэн нээлттэй AG-UI (Agent–User Interaction) протоколд Microsoft нэгдэж, анхны албан ёсны .NET SDK-ийг албан ёсоор цацлаа.


"Loading Spinner"-ийн цаадах харанхуй нүх

Та санхүүгийн өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг агент бүтээсэн гэж төсөөлье. Хэрэглэгч улирлын тайлан оруулаад "Хамгийн их зардал гарсан 3 чиглэлийг гаргаад график зурж өг" гэж асуув. Агент цаанаа хүснэгтийг задлан уншиж, мянга мянган мөрийг нэгтгэж, тооцоолол хийж, дүрслэл бэлтгэнэ. Энэ бүхэн 20-30 секунд болно.

Гэтэл хэрэглэгчийн дэлгэц дээр ердөө ганц эргэлддэг Loading Spinner л харагдана. Хэрэглэгч систем гацсан уу, агент ажиллаж байна уу, эсвэл дахин ачааллах уу гэдгээ мэдэхгүй төөрөлддөг.

Асуудал агентын чадавхид биш, харин агентын арын боловсруулалт болон хэрэглэгчийн интерфэйс (UI) хоорондын харилцааны стандартын цоорхойд байв. Агент ямар хэрэгсэл (tool) ажиллуулж эхэлсэн, завсрын ямар үр дүн гарсан, хэрэглэгчээс баталгаажуулалт (Human-in-the-loop) хүлээж буй эсэхийг фронтэнд рүү бодит цаг хугацаанд бүтэцлэгдсэн хэлбэрээр дамжуулах нэгдсэн хэл үгүйлэгдэж байлаа.


Агент экосистемийн 3 дахь тулгуур багана

Өнөөгийн Agentic системийн хөгжилд 3 чухал давхарга бүрэлдэж байна:

  1. Agent ↔ Data/Tools: Anthropic-ийн эхлүүлсэн MCP (Model Context Protocol) нь агентуудыг гадаад бааз, файлын систем, API-тай стандарт протоколоор холбосон.
  2. Agent ↔ Agent: Google тэргүүтэй багуудын түлхэж буй A2A стандарт нь олон тархмал агентууд хоорондоо мэдээлэл солилцох замыг зааж өгч буй.
  3. Agent ↔ User Interaction: Хамгийн сүүлийн бөгөөд дутуу байсан холбоос нь AG-UI юм. Энэ нь агентыг хэрэглэгчтэй шууд харьцдаг вэб, мобайл, терминал, чат аппликейшнтэй стандарт байдлаар хоёр талт холболт үүсгэх боломж олгодог.

CopilotKit болон салбарын тэргүүлэх фрэймворкуудын нэгдлээр эхэлсэн AG-UI нь backend агент болон frontend клиент хооронд дараах төрөлжсөн (typed) event-үүдийг ашиглан харилцдаг:

  • RUN_STARTED / RUN_FINISHED: Агентын амьдралын мөчлөг.
  • TEXT_MESSAGE_CONTENT: Бодит цагийн стриминг хариу.
  • TOOL_CALL: Агент хэрэгсэл дуудаж эхэлсэн болон дууссаныг UI дээр визуал харуулах.
  • STATE_DELTA: Клиент болон сервэрийн хооронд төлөвийг хоёр чиглэлд синхрончлох (Shared State).
  • HUMAN_IN_THE_LOOP: Агент чухал үйлдэл хийхийн өмнө хэрэглэгчээс дэлгэц дээр "Тийм/Үгүй" зөвшөөрөл шаардах үйлдэл.

Microsoft-ийн алхам: AG-UI .NET SDK гарлаа

Microsoft энэхүү протоколыг хүлээн зөвшөөрч, .NET экосистемд зориулсан анхны албан ёсны AG-UI .NET SDK-ийг CopilotKit-тэй хамтран NuGet дээр MIT лицензтэйгээр нийтэллээ. Мөн өөрсдийн албан ёсны Microsoft Agent Framework (MAF)-ийн фронтэнд холболтыг энэ SDK дээр суурилуулав.

Шинэ SDK нь AGUI.Server болон AGUI.Client гэсэн хоёр үндсэн модулиас бүрдэх бөгөөд C# хөгжүүлэгчид ердөө хэдхэн мөр кодоор агентаа AG-UI төгсгөлийн цэг болгон хувиргах боломжтой:

// Агентыг AG-UI сервер болгон экспортлох жишээ
var builder = WebApplication.CreateBuilder(args);
builder.Services.AddAGUIServer();

var app = builder.Build();
app.MapAGUIEndpoint("/agent", async (HttpContext context, IChatClient agent) => {
    // Агентын үйл ажиллагааг AG-UI стандартын Event урсгал болгон автоматаар цацна
});
app.Run();

Энэхүү интеграцын ачаар C# болон .NET дээр ажиллаж буй агентыг React, Vue, Flutter, SwiftUI эсвэл CLI терминал дээр бичигдсэн ямар ч клиент шууд ойлгож, бүрэн ажиллагаатайгаар дүрсэлж чадна.


Хөгжүүлэгчдэд юу өөрчлөгдөх вэ?

  1. Фронтэнд, Бэкэнд хоёр бие даана: Өмнө нь та бэкэнд дээр агентын логикоо (жишээ нь LangGraph-аас Microsoft Agent Framework руу) солиход фронтэндийн WebSocket уншигч кодоо тэр чигт нь дахин бичих хэрэг гардаг байв. AG-UI протокол нь бэкэнд ямар хэл, фрэймворк дээр байхаас үл хамааран UI-д нэг л стандарт өгөгдлийг хүргэнэ.
  2. Generative UI бодит ажил болов: Агент зөвхөн Markdown текст буцаах биш, хийж буй үйлдлээсээ хамааран тохирох UI компонент, график, товчлууруудыг бодит цагт фронтэнд дээр үзүүлэх боломж бүрдэж байна.
  3. Хяналттай хиймэл оюун (Predictive updates & Approvals): Агент алдаатай шийдвэр гаргахаас сэргийлж хэрэглэгчийн оролцоог (Human-in-the-loop) шууд интерфейс дотор хайрцаглан шийдэж өгсөн нь Enterprise бүтээгдэхүүн хөгжүүлэгчдэд асар том дэвшил юм.

AI агентууд чатбокс хэлбэрийн хайрцгаасаа гарч, жинхэнэ интерактив системийн нэг хэсэг болоход энэхүү интерфейсийн стандартчилал хамгийн эгзэгтэй гүүр болж байна.


Эх сурвалж: Microsoft Developer Blogs & InfoWorld

Сэтгэгдэл

Ачаалж байна...