"3 мөр код хангалттай бол AI агент хэрэггүй": Amazon инженерчлэлийн дүрмээ бүрэн шинэчиллээ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн технологийн салбар AI кодчлолын хүчтэй давалгаанд автаж, компаниуд "манай хөгжүүлэгчид кодоо хэдэн хувь AI-аар бичүүлж байна вэ" гэдгээрээ өрсөлдөх болсон билээ. Гэвч үйлдвэрлэлийн (production) түвшинд энэ хийрхэл бодит хөрсөн дээрээ бууж, үр дагавруудаа өгч эхэллээ.
Дэлхийн хамгийн том үүлэн тооцооллын дэд бүтэц AWS-ийг эзэмшдэг Amazon корпорац программ хангамжийн инженерүүдийнхээ албан тушаалын тодорхойлолт, ажиллах дүрмийг (Software Engineering Playbook) бүрэн шинэчилснээ зарлав. Шинэ удирдамжийн гол санаа: "Хөгжүүлэгч хэр их AI хэрэглэсэн бэ гэдэг нь биш, хэрэглэгчид ямар үр дүн хүргэв гэдэг нь хамгийн чухал".
Production орчин дахь "AI гашуун сургамж"
Amazon яагаад ийм эрс шийдвэр гаргах болов? Үүний цаана бодит хохирол дагуулсан инженерийн осол, доголдлууд бий.
Тухайлбал, Amazon-ийн инженер AI агентын санал болгосон буруу зөвлөгөөг баталгаажуулалгүй шууд хэрэгжүүлснээс болж жижиглэн худалдааны үндсэн платформ дээр хэд хэдэн томоохон уналт (outage) бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд AWS-ийн нэгэн сервисийн 13 цагийн тасалдал нь дотоодын "Kiro" нэртэй AI туслахын дэд бүтцийг "устгаад дахин үүсгэх" (delete and recreate) тухай тушаалыг инженерүүд хяналтгүй зөвшөөрснөөс үүдэлтэй байсан тухай салбарын эх сурвалжууд онцолж байв.
Код үүсгэх хурд өссөн ч түүний чанар, найдвартай байдлыг шалгах шүүмжлэлт сэтгэлгээ дутагдсанаас болж системүүд доголдож эхэлжээ. Иймээс Amazon асуудлын уг шалтгааныг оношилж, хөгжүүлэгчийн үнэ цэнийг "AI-г хэтрүүлэн ашиглагч" бус, харин "хариуцлагатай архитектурч" түвшинд эргүүлэн авчрах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн байна.
"3 мөр Python код хангалттай бол заавал AI агент дуудах хэрэггүй"
AWS-ийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Хүндэт инженер (Distinguished Engineer) Марк Брүүкер (Marc Brooker) шинэ удирдамжийн үзэл баримтлалыг тайлбарлахдаа маш чухал байр суурь илэрхийлжээ:
"AI бол бүх асуудлын хариулт биш. Хэрвээ хамгийн оновчтой шийдэл нь хамгийн сүүлийн үеийн модел дээр суурилсан AI агент байвал маш сайн. Гэвч хэрэв ердөө 3 мөр Python кодоор шийдэж болох байсан бол энэ нь бүр ч илүү төгс шийдэл юм."
Брүүкерийн үзэж буйгаар аливаа энгийн логикийг шийдэхийн тулд нүсэр AI агентын цикл үүсгэх, үүлэн зардлыг хий дэмий үрэх, шаардлагагүй token болон контекст урсгах нь орчин үеийн инженерийн хамгийн том алдаа болж байна.
Мөн тэрээр "AI-аас болж Amazon инженерүүдийнхээ тоог цөөлөх үү?" гэсэн асуултад: "Бид инженерийнхээ тоог хасахгүй. Харин ч ажлаа өөрийн юм шиг эзэмшдэг (ownership), сониуч, шинэ зүйлийг хурдан суралцдаг жинхэнэ инженерүүд бидэнд илүү их хэрэгтэй болж байна" хэмээн хариулсан юм.
"Velocity Labs": Бүтээмж ба хяналтыг хослуулах нь
Amazon хиймэл оюуны эсрэг зогсоогүй, харин түүнийг эрүүл зарчмаар ашиглахыг уриалж байна. Үүний нотолгоо нь AWS дотор саяхан байгуулагдсан "Velocity Labs" хэмээх 35 инженертэй тусгай баг юм.
Энэхүү баг нь Amazon-ийн уламжлалт урт процессыг халж, нээлттэй эхийн шинэ AI моделийг санаа төрснөөс хойш 1 долоо хоногийн дотор зах зээлд гаргаж чадсан байна. Гэхдээ энд хүрсэн гол шалтгаан нь багийн инженерүүд AI-д хамаг кодоо даатгасандаа бус, өөрсдийн гүн туршлага дээрээ суурилж AI-г зөвхөн хурдасгуур болгон удирдан залсанд оршиж байв.
Хөгжүүлэгчдэд өгөх дохио: Та ямар инженер байх вэ?
Amazon-ийн энэхүү эргэлт бол нийт технологийн салбарт ирж буй томоохон дохио юм.
- Код бичих хямдхан болсон, харин архитектур үнэтэй болсон: Хэдэн мөр boilerplate код үүсгэх чадвар үнэ цэнгүй болсон. Харин тэр кодын аюулгүй байдал, өргөтгөгдөх чадвар (scalability), edge case-үүдийг тооцоолж чаддаг чадвар хамгийн өндөр үнэлэгдэх болно.
- "AI Slop"-оос татгалзах: Автоматаар үүссэн 200 мөр кодыг шууд commit хийхээсээ өмнө "Үүнийг үнэхээр өөрөө бичээд 10 мөрөнд багтааж болох уу?" гэж асуудаг инженер л жинхэнэ Senior юм.
- Хариуцлага (Ownership): Алдаа гарах үед "AI ингэж хэлсэн" гэдэг тайлбар хэзээ ч хүчинтэй байхгүй. PR (Pull Request)-ийг зөвшөөрсөн, кодоо push хийсэн хүн л үр дагаврыг нь хүлээнэ.
AI биднийг код бичих механик ажлаас чөлөөлж байгаа нь үнэн. Гэвч системийн тогтвортой байдал, бизнес логикийн үнэн зөвийг үнэлэх "инженер хүний тархи"-ийг ямар ч том хэлний загвар (LLM) орлож чадахгүй гэдгийг Amazon-ийн шинэ удирдамж тодоос тод сануулж байна.
Эх сурвалж: GeekWire, Todd Bishop: "Amazon rewrites its software engineering playbook for an era when AI writes the code"
Сэтгэгдэл
Ачаалж байна...