"Кодчиллын ярилцлага үхлээ": Anthropic ажилд авах процессоосоо LeetCode шалгалтыг бүрмөсөн хаслаа
Сүүлийн арван жилийн турш технологийн салбарт ажилд орохын тулд бид юу хийдэг байсан бэ? LeetCode дээр өдөр шөнөгүй бодлого бодож, хоёртын мод (binary tree) эргүүлж, амьд ярилцлагын (live coding) үеэр самбар дээр алдаагүй код сараачдаг байв.
Гэвч хиймэл оюун ухааны тэргүүлэгч компаниудын нэг болох Anthropic энэхүү тогтсон дүрмийг эцэслэн нураалаа. Тус компанийн инженерийн багийн менежер Феликс Ризеберг (Felix Rieseberg) сүүлийн 24 цагийн дотор өөрийн X (хуучнаар Twitter) болон хувийн блогоороо дамжуулан нэгэн цочирдом мэдэгдэл хийсэн нь: "Кодчиллын ярилцлага үхлээ. Наад зах нь манай багийн хувьд" гэх зарлал байв.
"Claude хоёуланг нь хүнээс илүү хийж байна"
Ризебергийн тайлбарласнаар, ажилд орох хүсэлт гаргагчдаас жижиг React сорилт эсвэл Assembly хэлний зарчмын тухай шалгаж асуух нь одоо ямар ч утгагүй болсон.
"Claude эдгээр даалгавруудыг хүнээс хамаагүй хурдан бөгөөд илүү чанартай гүйцэтгэж чадаж байна. Ийм шалгалтууд нэгэн цагт нэр дэвшигчийн чадварыг урьдчилан таамаглах сулхан боловч ашигтай хэмжүүр байсан бол өнөөдөр ямар ч бодит дохио (signal) өгөхөө больсон."
Anthropic-ийн дотоод системүүд дээр өдөр тутмын кодын дийлэнх хэсгийг Claude бие даан үүсгэж, гүйцэтгэж байна. Ийм нөхцөлд LeetCode алгоритмыг нүдэлсэн эсэхээр нь инженерийг шүүх нь хөгжүүлэгчийн бодит ажлын байр дээрх үнэ цэнийг харуулж чадахгүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрчээ.
"Hunger beats tenure" буюу Шинэ үеийн junior-уудын давуу тал
Хамгийн сонирхолтой нь Ризеберг уг өөрчлөлтийг junior хөгжүүлэгчдэд олгогдож буй хамгийн том алтан боломж хэмээн тодорхойлсон явдал юм. Тэрээр үүнийгээ "Hunger beats tenure" буюу Хүсэл эрмэлзэл туршлагыг ялна гэж нэрлэжээ.
AI код бичих зардлыг бараг тэг рүү дөхүүлж, гүйцэтгэлийг маш хямд болгосон энэ үед программчлалын салбарт олон жил ажилласан ахлах инженерийн хуримтлуулсан синтакс мэдлэг өмнөх шигээ асар том давуу тал байхаа больж байна. Харин эсрэгээрээ, шинээр гарч ирж буй AI хэрэгслүүдийг зоригтой туршиж, хэрэглэгчийн асуудлыг хурдан шийдэхийг эрмэлзэж буй залуу инженерүүд ахлах хөгжүүлэгчдээсээ ч хурдан үр дүнд хүрэх болжээ.
Ризеберг өөрийн багийн жишээг хуваалцжээ: Саяхан Anthropic-д орсон шинэхэн хоёр инженер болох Энтони Моррис (Anthony Morris), Алис Жао (Alice Zhao) нар бүтэн сарын турш PRD (бүтээгдэхүүний шаардлага) бичиж хуралдахын оронд, амралтын 2 хоногтоо Claude Code-ийн GUI интерфэйсийг бие даан угсарсан байна. Энэхүү прототип ердөө наймхан өдрийн дараа олон нийтэд албан ёсоор цацагдсан юм.
Тэгвэл компаниуд кодын шалгалтын оронд юуг харах вэ?
Уламжлалт кодчиллын тестийг хассан бол нэр дэвшигчдийг яаж үнэлэх вэ? Anthropic одоо нэр дэвшигчдийн намтар, портфолиос алгоритм биш, харин дараах чанаруудыг шалгаж эхэлжээ:
- Taste (Мэдрэмж): Бүтээгдэхүүний сайн мууг ялгах, UI/UX-ийн алдаа дутагдлыг олж харах чадвар. Учир нь бүх хүн AI ашиглан код үйлдвэрлэж чадах ч, ямар бүтээгдэхүүн хэрэглэгчид таалагдахыг зөвхөн сайн мэдрэмжтэй хөгжүүлэгч л тодорхойлж чадна.
- Empathy (Хэрэглэгчээ ойлгох сэтгэл зүй): Зөвхөн архитектур ярих биш, эцсийн хэрэглэгчийн зовлон, асуудлыг өөрийн биеэр ойлгож шийдэх хандлага.
- Principled Thinking (Зарчимч сэтгэлгээ): Системийн суурь асуудал, аюулгүй байдал, архитектурын зөв шийдлийг баттай үндэслэлтэйгээр гаргах ухаан.
- Working Prototypes (Ажиллаж буй бичил прототипүүд): Хоосон PRD эсвэл лекц биш, амралтын өдрүүдээр AI ашиглан босгосон, ядаж 1-2 жинхэнэ асуудлыг шийддэг амьд төслүүд.
Монголын хөгжүүлэгчдэд юу өгүүлэв?
Технологийн салбарт дэлхийн жишиг ийнхүү өөрчлөгдөж байна. Хэрэв та одоог хүртэл LeetCode дээр ямар нэг алгоритмыг толгойдоо цээжээр бичих гэж цагаа үрж буй бол чиглэлээ эргэн харах цаг болжээ.
AI-ийн эрин үед амжилт олох инженер гэдэг нь:
- Syntax-тай зууралдаггүй, харин AI агентуудыг зөв удирдаж, архитектурыг нь тодорхойлдог,
- Jira ticket-ийн араас хөөцөлддөггүй, харин бизнес болон хэрэглэгчид яг юу дутагдаж байгааг харж, прототипийг хэдхэн хоногт босгож чаддаг "бүтээгч" (builder) байхыг хэлэх боллоо.
Хөгжүүлэгчийн үнэ цэн "Би хэр нарийн төвөгтэй код гараараа бичдэг вэ?" гэдгээр биш, "Би хүссэн бүтээгдэхүүнээ технологи ашиглан хэр хурдан бөгөөд чанартай бодит болгож чадах вэ?" гэдгээр хэмжигдэх шинэ эрин үед бид хөл тавилаа.
Эх сурвалж: Felix Rieseberg Blog / Business Insider / daily.dev
Сэтгэгдэл
Ачаалж байна...