Мэдээ

Chrome-ийн Sandbox-оос Linux Kernel хүртэл: Claude олон шатлалт 0-Day халдлагуудыг бие даан угсарчээ

TOGTOKHTOGTOKH·2026 оны аравдугаар сарын 27·2 үзсэн·
Chrome-ийн Sandbox-оос Linux Kernel хүртэл: Claude олон шатлалт 0-Day халдлагуудыг бие даан угсарчээ

Хиймэл оюун ухаан код бичиж, алдаа засахад тусалдаг үе нэгэнт ард хоцорчээ. Anthropic компанийн Frontier Red Team судалгааны баг дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг үйлдлийн системүүд болон веб хөтөч дээр бүрэн бие даасан, олон шатлалт 0-day remote code execution (RCE) халдлагуудыг амжилттай угсарч чадсан тухайгаа албан ёсоор мэдээллээ.

Судалгаанд олон нийтэд хараахан гараагүй, дотоод судалгааны Claude загварыг ашигласан бөгөөд уг систем нь нээлттэй болон хаалттай эхийн аль алинд нь хүний оролцоогүйгээр (zero/one-click) системийн дээд эрхийг авах чадвартай болохоо харуулсан байна. Зөвхөн Google Chrome хөтөч дээр гэхэд 62 CVE бүртгэгдэж, тэдгээрээс 13 нь аюулгүй байдлын сэндбокс (sandbox)-ийг бүрэн эвдэх хэмжээний эгзэгтэй цоорхой байсныг тогтоож, засварлуулжээ.


Chrome Sandbox Escape: 4 цоорхойг холбосон 1-Click RCE

Орчин үеийн веб хөтчүүд санах ойн хамгаалалт, процессын тусгаарлалт, сэндбокс гээд олон давхаргат хамгаалалттай тул нэг алдаагаар системийг эвдэх боломж бараг үгүй болсон. Гэвч Claude дөрвөн өөр бие даасан алдааг хооронд нь холбож, macOS дээрх анхдагч тохиргоотой Chrome хөтөч дээр веб хуудсанд зочлох төдийд үйлдлийн системийн Calculator аппликейшнийг дуудан ажиллуулж (PoC) чадсан байна:

  1. V8 Heap Memory Corruption: Эхний ээлжинд Chrome-ийн JavaScript хөдөлгүүр болох V8-аас өгөгдлийн санах ойг эвдэх цоорхойг олж ашиглав.
  2. V8 Sandbox Breakout ба ASLR тойролт: V8-ийн санах ойн бүсийн сэндбоксоос гарч, хаягийн санамсаргүй байршлыг хамгаалдаг ASLR (Address Space Layout Randomization)-ийг тойрохын тулд Return-Oriented Programming (ROP) гинжин хэлхээг бие даан зохиомжилж, renderer процессыг бүрэн хяналтдаа авав.
  3. CacheStorage-ийн Race Condition: Renderer процесс тусгаарлагдсан хэвээр байсан тул Chrome-ийн CacheStorage API дахь race condition алдааг илрүүлж, үндсэн хөтөч процессын санах ойн бүтэц (memory layout)-ийг гарган авчээ.
  4. FedCM-ийн Use-After-Free (UAF): Эцэст нь Federated Credential Management (FedCM) дэх UAF алдааг ашиглан сэндбоксоос бүрэн гарч, хэрэглэгчийн үйлдлийн систем дээр код ажиллуулсан байна.

Хамгийн жихүүцмээр нь уг халдлагыг угсрахад хүнээс ямар ч чиглүүлэгч пэйлоад шаардагдаагүй бөгөөд зөвхөн эхлэлийн заавар өгсний дараа загвар логик дарааллыг бүрэн өөрөө тооцоолжээ.


Linux дээр Zero-Click Root RCE: Сүлжээний багцаар сервер нураах нь

Claude-ийн илрүүлсэн халдлагууд зөвхөн хөтчөөр хязгаарлагдсангүй. Линукс кернелийн түвшинд хэрэглэгчийн ямар ч үйлдэл шаардахгүй (Zero-click) халдлагыг гүйцэтгэжээ:

  • Kernel Network Stack UAF: Линуксийн Multipath TCP (MPTCP) протоколын сонсогч (listener) руу алсаас сүлжээний багц илгээж, race condition үүсгэх замаар цөм (kernel) дотор Use-After-Free үүсгэсэн байна.
  • KASLR-ийг алсаас тойрсон нь: Цөмийн санах ойн хаягийг хамгаалдаг Kernel ASLR (KASLR)-ийг сүлжээний пакетуудын хугацааны хариу үйлдэл болон санах ойн бүтцээр алсаас задалж, серверийг нэвтлэн root эрхтэйгээр команд ажиллуулав.

Энэ нь cloud дэд бүтэц, өгөгдлийн төвүүдэд ажиллаж буй Линукс серверүүдэд нэвтрэх нэн өндөр эрсдэлтэй векторт тооцогдож байгаа юм.


Safari дээрх "Data-Only Attack": Код ажиллуулахгүйгээр өгөгдөл хулгайлах арга

Apple-ийн Safari хөтөч дээр Claude өөр сонирхолтой тактик ашиглажээ. Энэ нь систем дээр гадны binary код ажиллуулахгүйгээр зөвхөн санах ой дахь өгөгдлийг өөрчлөх замаар зорилгодоо хүрэх "Data-only attack" байв:

  • Safari-ийн Gigacage хамгаалалтын бүсээс гадуур унших/бичих (arbitrary read/write primitive) боломжийг олж авсан.
  • WebContent сэндбоксын Inter-Process Communication (IPC) механизмын сул талыг ашиглан хөтөч доторх күүки, түүх (browsing history), нэвтрэх сессийн өгөгдлийг дискнээс шууд уншсан.
  • Санах ой дахь флагийг шууд өөрчлөн веб аюулгүй байдлын суурь зарчим болох Same-Origin Policy (SOP)-ийг унтрааж, халдагчийн сервер рүү дурын домэйний нууц мэдээллийг дамжуулж чаджээ.

Үүнээс гадна уг загвар Windows үйлдлийн системийн QUIC / HTTP/3 хэрэгжүүлэлтээс Kernel түвшний Out-of-bounds Read цоорхойг (CVE-2026-33096) илрүүлэн алсын зайнаас бүрэн унтраах (Remote DoS) боломжийг тогтоож, Microsoft-д мэдээлсэн байна.


Хөгжүүлэгчид юуг анхаарах ёстой вэ?

Эдгээр бодит кейсүүд нь программ хангамжийн аюулгүй байдлын салбарт томоохон эргэлт болж байна:

  1. Defense-in-depth хуучирч байна уу? Өмнө нь ASLR, сэндбокс, canaries зэрэг хамгаалалтын давхаргууд нийлээд халдагчдыг зогсоож чадна гэж үздэг байв. Гэтэл LLM санах ойн зураглалыг математик логикоор нэгтгэн дүгнэж, давхарга бүрийг давах гинжийг угсарч чадаж байна.
  2. Санах ойн аюулгүй байдал (Memory Safety): C/C++ дээр бичигдсэн бага түвшний кодуудад гардаг Use-After-Free, Race Condition, Heap Corruption зэрэг алдаанууд хиймэл оюуны хамгийн дуртай "олз" хэвээр байна. Rust зэрэг memory-safe хэл рүү шилжих шаардлага улам бүр тулгамдсан асуудал боллоо.
  3. Zero-Day засварлах хугацаа багаслаа: Урьд өмнө 0-day цоорхойг олоход туршлагатай шинжээчдийн баг хэдэн сар зарцуулдаг байсан бол одоо AI агентууд хэдхэн цагийн дотор код репозиторыг шинжилж, бүрэн ажиллагаатай exploit бичиж чадаж байна.

Хөгжүүлэгчид одооноос эхлэн бичиж буй кодоо AI-д зориулсан dynamic fuzzer, formal verification шалгууруудаар баталгаажуулж, өөрийн систем дэх логик тусгаарлалтуудаа эргэн харах цаг болжээ.

Эх сурвалж: Anthropic Frontier Red Team ("Discovering and exploiting vulnerabilities in critical, real-world software with Claude")

Сэтгэгдэл

Ачаалж байна...