Мэдээ

Таны имэйлийг вебсайтууд руу цацаж байжээ: Claude Code-ийн context алдаа хөгжүүлэгчдийн нийгэмлэгийг цочроов

TOGTOKHTOGTOKH·2026 оны арван нэгдүгээр сарын 7·3 үзсэн·
Таны имэйлийг вебсайтууд руу цацаж байжээ: Claude Code-ийн context алдаа хөгжүүлэгчдийн нийгэмлэгийг цочроов

Сүүлийн үед хөгжүүлэгчдийн дунд өдөр тутмын код бичих, дибаг хийх гол зэвсэг болоод буй Anthropic компанийн терминал суурьтай агент Claude Code ноцтой асуудалд орооцолдоод байна. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний бүртгэлтэй хувийн имэйл хаягийг гуравдагч серверүүд рүү илгээж байсан тухай асуудал ил болж, Hacker News дээр 1,600 гаруй санал цуглуулан олон улсын хөгжүүлэгчдийг түгшээв.

Асуудал хэрхэн эхлэв: "Өдөрт хэдэн арван спам ирж байна"

Асуудал 11-р сарын 5-нд GitHub дээрх anthropics/claude-code репозиторт нэгэн хөгжүүлэгчээс (taylor-edwards) #107757 дугаартай bug report нийтлэгдсэнээр эхэлсэн юм. Тэрээр Claude Code 2.1.318 хувилбарыг ашиглаж байхдаа agent-ийн гүйцэтгэсэн вэб хайлтуудын HTTP хүсэлт дунд өөрийнх нь хувийн имэйл хаяг User-Agent толгойд (request header) илгээгдэж байгааг илрүүлжээ.

Үүний улмаас уг хаяг спаммер болон скаммеруудын мэдээллийн санд орж, түүний ирсэн имэйл хайрцаг залилангийн болон спам захидлуудаар дүүрч эхэлсэн байна. Хөгжүүлэгч тайландаа: "Энэ бол тохиргоон дээр opt-in, opt-out болгоод орхих зүйл биш, бүрэн арилгах ёстой ноцтой нууцлалын зөрчил" хэмээн дурджээ.

Тун удалгүй Reddit болон олон нийтийн сүлжээнд бусад хөгжүүлэгчид өөрсдийн логуудыг шалгаж, тэдний ч хаяг янз бүрийн вебсайтууд руу нэвт цацагдсан болохыг баталсан олон тооны баримт дэлгэв.

Тус болох гэсэн нь ус болсон нь: Имэйл яагаад загварын контекстэд оров?

Хамгийн сонирхолтой нь энэ алдаа Anthropic-ийн инженерүүдийн "хэт тусархаг" шийдлээс үүдэлтэй байв. Hacker News хэлэлцүүлэг дээр Claude Code багийн гишүүн, инженер Лидия Халли (Lydia Hallie) уг асуудлын цаад учрыг тайлбарлажээ:

  1. Өмнө нь хөгжүүлэгчид Claude Code ашиглан код бичих эсвэл Git commit хийх үед агент нь кодын тайлбар дахь @author таг болон мета датад зохиомол, хийсвэр хүмүүсийн нэр, хуурамч имэйлийг "галлюцинаци" (hallucination) хийж бичээд байна гэж гомдоллож байжээ.
  2. Багийнхан энэ асуудлыг шийдэхийн тулд нэвтэрсэн хэрэглэгчийн жинхэнэ имэйл хаягийг Claude моделийн System Prompt / Context-д автоматаар # userEmail хэлбэрээр шууд шургуулж өгсөн байна.
  3. Гэтэл вебсайт, үйлчилгээнүүд рүү автоматаар хандах скриптүүдэд (тухайлбал Wikimedia болон АНУ-ын SEC EDGAR API) "bot скрипт ажиллуулж байгаа бол өөрийн User-Agent толгойдоо холбоо барих мэдээлэл (имэйл) заавал оруул" гэсэн шаардлага байдаг.
  4. Claude агент терминал дээр вебээс мэдээлэл хайх, баримт татахын тулд curl команд ажиллуулах шаардлага гармагц: "Аан, серверт User-Agent өгөх ёстой юм байна, надад ямар холбоо барих мэдээлэл байна вэ?" гэж сэтгэн, өөрийн контекстэд бэлэн байсан хэрэглэгчийн жинхэнэ имэйлийг аваад HTTP хүсэлт дотор шууд хийчихжээ.

Үр дүнд нь агент терминал дээр ямар нэгэн вебсайт руу хандах тоолонд таны хувийн, эмзэг мэдээлэл тухайн серверүүдийн хандалтын лог (access log) руу тодорхой үлдэж байсан юм.

Системийн сургамж: "Context-д орсон л бол гараад ирнэ"

Энэ хэрэг явдал AI агент хөгжүүлэлтийн хамгийн суурь бөгөөд аюултай хуулийг хөгжүүлэгчдэд дахин санууллаа: Хэрэв хувийн эмзэг мэдээлэл (PII) загварын контекст дотор л орсон бол тэр нь ямар нэгэн байдлаар гадагшаа алдагдах эрсдэл үргэлж 100% байна.

Anthropic уг асуудлыг анзаарч v2.1.317 хувилбараас эхлэн cc-plugin-privacy нэртэй хамгаалалтын модуль нэмсэн гэж мэдэгдсэн боловч:

  • Энэ модуль нь Bash, PowerShell зэрэг дотоод коммандуудыг хянадаг ч WebFetch, WebSearch зэрэг агентын шууд веб дуудлагуудыг бүрэн хянаж амжаагүй байжээ.
  • Хөгжүүлэгчийн хувьд ямар нэг regex шүүлтүүр тавьснаас илүүтэйгээр анхнаасаа хэрэглэгчийн жинхэнэ имэйлийг LLM-ийн prompt руу хийхгүй байх нь цорын ганц найдвартай шийдэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Anthropic-ийн баг шүүмжлэлийн дараа ирэх долоо хоногийн шинэчлэлтээр хэрэглэгчийн имэйл хаягийг моделийн контекстоос бүрмөсөн авч хаяхаа мэдэгдсэн байна.

Хөгжүүлэгчид одоо юу хийх хэрэгтэй вэ?

Хэрэв та Claude Code болон түүнтэй ижил төстэй CLI агент хэрэгслүүдийг өдөр тутамдаа ашигладаг бол дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна:

  1. Тусдаа, нэг удаагийн имэйл ашиглах: Үндсэн чухал имэйл хаягаа олон нийтийн AI хэрэгсэлд бүртгүүлэхээс зайлсхийх.
  2. Git config-оо шалгах: Git дээр GitHub-ийн username@users.noreply.github.com хаягийг тохируулсан эсэхээ бататгах. Агентууд глобал .gitconfig файлыг автоматаар уншиж бусад коммандуудад ашиглах магадлалтай.
  3. Хувилбараа яаралтай шинэчлэх: Anthropic уг асуудлыг бүрэн цэвэрлэсэн хамгийн сүүлийн хувилбарыг гаргамагц npm update -g @anthropic-ai/claude-code коммандаар шинэчлэх.
  4. Сүлжээний урсгалаа ажиглах: Чухал код болон нууц түлхүүр (API keys, .env) байрлаж буй орчинд агент ажиллуулахдаа гадагш чиглэсэн сүлжээний урсгалд proxy (Charles, mitmproxy) тавьж шалгах нь агентын эринд хамгийн найдвартай аюулгүй байдлын дадал болоод байна.

AI агентууд бидний өмнөөс шийдвэр гаргаж, терминал командаас авахуулаад веб рүү шууд ханддаг болсон энэ цаг үед тэдэнд өгч буй итгэл, контекстдээ хөгжүүлэгчид илүү хариуцлагатай хандах шаардлагатайг уг явдал тод харууллаа.

Эх сурвалж: Hacker News (news.ycombinator.com), GitHub anthropics/claude-code repo Issues (#107757, #81138), Cyber Security News.

Сэтгэгдэл

Ачаалж байна...