Cloudflare AI агентуудад зориулсан дижитал хэтэвч ба cloudflare.pay дэд бүтцийг зарлалаа
Танилцуулга: AI агентуудад зориулсан дижитал хэтэвч ба иргэний үнэмлэх
Сүүлийн үед AI агент (Autonomous AI Agent)-ууд кодын сан дотор ажиллах, архитектурын дүн шинжилгээ хийх, ажлын урсгалыг автономит байдлаар гүйцэтгэх тал дээр асар хурдацтай хөгжиж байгаа билээ. Гэвч тэдэнд тулгарч байсан хамгийн том дэд бүтцийн бэрхшээл бол өнөөгийн интернет сүлжээ зөвхөн хүнд зориулагдаж хийгдсэнд оршиж байв. AI агент шинэ API туршиж үзэх, төлбөртэй мэдээлэл авах, эсвэл Model Context Protocol (MCP) хэрэгсэл худалдан авахын тулд заавал хүний оролцоо шаардагдаж, кредит карт ашиглах эсвэл API key үүсгэхийг хүлээх хэрэгтэй болдог байсан юм.
Энэхүү хязгаарлагдмал байдлыг шийдвэрлэхээр Cloudflare компани Cloudflare Wallets болон cloudflare.pay нэртэй шинэ дэд бүтцээ албан ёсоор зарлалаа. Энэхүү технологи нь AI агентуудад өөрийн гэсэн баталгаажсан дижитал иргэний үнэмлэх (Identity) олгохоос гадна, тогтоосон хязгаарлалтын (Guardrails) дунд бие даан онлайн микро-гүйлгээ хийх боломжийг олгож байна.
Яагаад одоогийн интернет AI агентуудад ээлгүй вэ?
Өнөөдөр AI агент ямар нэгэн төлбөртэй сервис эсвэл API ашиглахыг хүсвэл дараах саад бартааг туулдаг:
- Хүнд зориулсан нэвтрэх систем болон CAPTCHA-г давах шаардлага гарна.
- Бүртгүүлж, зээлийн картын мэдээллээ оруулахын тулд хөгжүүлэгчээс тусламж хүснэ.
- API key үүсгэж, түүнийгээ орчиндоо (environment variable) тохируулахыг хүээнэ.
Энэхүү уламжлалт урсгал нь агентын автономит (бие даасан) ажиллагааг шууд боомилдог. Үйлчилгээ үзүүлэгч веб сайт эсвэл API провайдер талаас ч гэсэн ирж буй хүсэлт нь бодит хэрэглэгчийн итгэмжлэгдсэн агент уу, эсвэл системийн эмзэг байдлыг хайж буй хортой бот уу гэдгийг тодорхойлох боломжгүй байдаг байв. Баталгаажсан identity болон төлбөрийн хэрэгсэлгүйгээр Agentic Commerce буюу агентууд хоорондоо болон сервисүүдтэй бие даан гүйлгээ хийх экосистем хөгжих боломжгүй байсан юм.
Cloudflare Wallets ба cloudflare.pay-ийн бүтэц
Cloudflare-ийн санал болгож буй систем нь дараах үндсэн хоёр тулгуур архитектур дээр суурилж байна:
1. Таних тэмдэг ба Identity (cloudflare.pay)
Cloudflare аккаунт бүрт cloudflare.pay домэйн дээр суурилсан давтагдашгүй ID үүснэ. Жишээ нь, та өөрийн судалгааны агентад research.mycompany.cloudflare.pay гэсэн хаяг олгож болно. Ингэснээр үйлчилгээ үзүүлэгч веб сайт эсвэл API сервер тухайн хүсэлт ямар байгууллага, хэрэглэгчээс гаралтайг шууд шалгаж, итгэмжлэх эсвэл тусгай кредит, хөнгөлөлт үзүүлэх боломжтой болно.
2. Хэтэвчийн хоёр шатлалт систем
- Account Wallet: Хүний буюу систем эзэмшигчийн хянадаг төв хэтэвч. Энд Stablecoin хэлбэрээр санхүүжилт байрших ба мөнгө байршуулах, буцаан татах эрх зөвхөн хүнд байна.
- Virtual Wallet: AI агентуудад тус тусад нь олгох виртуаль хэтэвч. Тэдгээрийг API key-ээр дамжуулан удирдах ба Account Wallet-аас тогтоосон лимитийн дагуу санхүүжүүлнэ.
Protocol ба Guardrail: x402 стандарт ба аюулгүй байдал
Төлбөрийн техникийн шийдлийн хувьд Cloudflare өмнө нь танилцуулсан Monetization Gateway болон HTTP протоколын x402 (Payment Required) стандартыг ашиглаж байна. AI агент HTTP хүсэлт илгээх үед сервер x402 протоколын дагуу төлбөр шаардаж, шаардлагатай микро-төлбөрийн хэмжээг мэдээлнэ. Агент өөрийн Virtual Wallet-аас stablecoin гүйлгээг автоматаар гүйцэтгэн хариу мэдээллээ авна.
Агент хэтэрхий их мөнгө үрэх эсвэл буруу үйлчилгээнд төлбөр төлөхөөс сэргийлж Cloudflare дараах Guardrails тохиргоонуудыг олгосон:
- Spending Caps: Өдөр, сараар гүйлгээний дээд хязгаар тогтоох.
- Allowlists: Зөвхөн зөвшөөрөгдсөн мерчант эсвэл API серверүүд рүү гүйлгээ хийх.
- Max Transaction Size: Нэг удаагийн гүйлгээний дээд хэмжээг хязгаарлах.
- Human Override: Тодорхой босгоноос давсан эсвэл сэжигтэй гүйлгээг хүний баталгаажуулалтаар шийдвэрлэх.
Хөгжүүлэгчдэд ямар боломж нээгдэж байна вэ?
Энэхүү шинэчлэл нь AI систем хөгжүүлж буй инженерүүдэд болон SaaS үйлчилгээ эрхлэгчдэд том боломж олгож байна:
- Автономит MCP ба API интеграци: Таны агент өөрт хэрэгцээтэй MCP (Model Context Protocol) хэрэгсэл эсвэл датасет бүхий API-г шууд хайж олоод, бие даан микро гүйлгээ хийж, кодын даалгавраа сааталгүй биелүүлэх боломжтой болно.
- Веб ба API-гаа монетизаци хийх: Хэрэв та API эсвэл дата платформ ажиллуулдаг бол сарын заавал захиалга (subscription) шаардахгүйгээр, AI агентуудад дуудлага бүрээр (pay-per-call) x402 протоколоор үйлчилж, шууд орлого олох боломжтой.
- Cloudflare Agents SDK-тэй уялдах: Cloudflare Workers, Durable Objects болон AI Gateway ашиглан агент бүтээж буй хөгжүүлэгчид кодондоо нэгдсэн байдлаар Wallet болон Payment логикийг хэдхэн мөр кодоор оруулах боломжтой болно.
Дүгнэлт
Cloudflare-ийн энэхүү алхам нь зөвхөн хэтэвч олгож байгаа үйл явдал биш, хүн болон AI агентуудын хамтран орших "Agentic Web"-ийн санхүү, identity-ийн суурь дэд бүтцийг тавьж байна. Одоогоор хэрэглэгчид cloudflare.pay дээр өөрийн нэрийг (handle) зааж авах боломжтой бөгөөд ойрын саруудад Virtual Wallet болон stablecoin гүйлгээний функцүүд бүрэн ашиглалтад орох юм.
Эх сурвалж: Cloudflare Official Blog, Help Net Security, Channel Insider
Сэтгэгдэл
Ачаалж байна...