Мэдээ

"Код бичихээс өмнө бод": Google өөрсдийн инженерийн нууц зэвсэг болох "Elephant-Goldfish" загвараа нээлттэй эхээр зарлалаа

TOGTOKHTOGTOKH·2026 оны аравдугаар сарын 30·1 үзсэн·
"Код бичихээс өмнө бод": Google өөрсдийн инженерийн нууц зэвсэг болох "Elephant-Goldfish" загвараа нээлттэй эхээр зарлалаа

Сүүлийн үед хөгжүүлэгчдийн дунд эрчээ авч буй "Vibe coding" буюу AI агентаар нүд ирмэхийн зуур хэдэн зуун мөр код бичүүлэх хандлага нь анх харахад гайхалтай боловч бодит үйлдвэрлэлийн (production) түвшинд асар том техникийн өр (technical debt) үүсгэж эхэллээ. Агентэд даалгавар өгмөгц архитектурын зураглал гаргалгүй шууд код бичиж эхэлдэг бөгөөд дундын олон таамаглал, edge case, гүйлгээний алдаануудыг тооцоолдоггүй. Үүний үр дүнд сүүлд нь засахад хэцүү "хурдтай бичигдсэн хог код" (velocity of slop) үүсдэг.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Google өөрийн олон мянган инженерүүдийн өдөр тутмын хөгжүүлэлтэд ашигладаг Elephant-Goldfish Model (EGM) хэмээх сонирхолтой арга барил, залгаасыг (plugin) Apache 2.0 лицензтэйгээр нийтийн хүртээл болголоо.


Заан ба Алтан загас: Энэ юу вэ?

Хиймэл оюуны загваруудтай ажиллах үед нэг сесс дээр хэт олон асуулт асууж ярилцах тусам "Context Pollution" буюу контекстийн бохирдол үүсэж, модель анхны шаардлагаа мартах эсвэл хэт найрсаг болж өөрийнхөө алдааг олж харахаа больдог. Google энэхүү асуудлыг амьтдын байгалийн онцлогоос сэдэвлэн хоёр туйл болгон хуваажээ:

  1. Заан (The Elephant — Бүхнийг санагч): "Заан хэзээ ч мартдаггүй" гэдэг шиг урт хугацааны санах ойтой, төслийн бүх түүх, бизнесийн шаардлага, архитектурын шийдвэрүүдийг агуулсан төв агент юм. Гэхдээ заан агентад хатуу дүрэм бий: Нэг ч мөр код бичихгүй (Strict No Code rule). Түүний цорын ганц үүрэг нь хөгжүүлэгчтэй хамтран docs/designs/ хавтсанд төслийн бүрэн хэмжээний техникийн тодорхойлолт (Markdown Design Doc)-ийг боловсруулах юм.

  2. Алтан загас (The Goldfish — Санах ойгүй шүүмжлэгч): Алтан загасны санах ой хэдхэн секундэд арилдаг домог шиг энэ нь контекст огт дамжаагүй (zero-context, stateless) цоо шинэ дэд агентууд юм. Тэдэнд өмнө нь хөгжүүлэгч заантай юу ярилцсан нь огт падлийгүй. Тэд зөвхөн бэлэн болсон Design Doc-ийг уншаад, түүнийг шүүмжлэх даалгавартай.


"Goldfish Protocol": Код бичихээс өмнөх 3 шатлалт шалгалт

Дизайн баримт бичгийг батлахаас өмнө EGM дараах 3 үе шаттай "Алтан загасны протокол"-ыг автоматжуулан ажиллуулдаг:

  1. Ойлголтын шалгалт (Comprehension Check): Цоо шинэ Алтан загас бичигдсэн архитектурын баримт бичгийг уншаад, системийн ажиллах зарчим, логикийг Заанд эргүүлэн тайлбарлах ёстой. Хэрэв санах ойгүй агент уг баримтыг уншаад буруу ойлгож байвал баримт бичиг өөрөө дутуу, тодорхойгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд Заан баримтаа дахин засварлана.
  2. Дайсагнасан шүүмж (Antagonistic Review): Хэд хэдэн "догшин" ахлах инженерийн дүрд тоглосон Алтан загасууд уг системээс сул тал, гэнэтийн нөхцөл (edge cases), нуугдмал хамаарал, race condition болон аюулгүй байдлын цоорхойг хайж системтэйгээр довтолно. Тэдний илрүүлсэн шүүмж Зааны сесс рүү буцан илгээгдэж, шийдлийг тусгуулдаг.
  3. Хэрэгжүүлэлтийн бэлэн байдлын хаалга (Implementation Readiness Gate): Хамгийн сүүлийн Алтан загас файлын замууд, өгөгдлийн бүтэц, функцийн signature-ууд бүрэн тодорхойлогдсон эсэхэд "Go / No-Go" шийдвэр гаргана. Бүх зүйл тодорхой болсон цагт л хөгжүүлэгч өөрийн агентдаа кодыг бичих зөвшөөрөл олгоно.

Код бичигдэж дууссаны дараа системийн эх код дизайн баримтаасаа зөрсөн эсэхийг шалгах /egm-drift-report командыг ч мөн багтаажээ.


Бодит туршилтын үр дүн: 26 цоорхойг $3.40 доллароор зассан нь

Бие даасан туршилтаар энгийн AI агентад төлбөрийн системийн архитектур өгөхөд ямар ч сануулгагүйгээр шууд код бичиж эхэлсэн бол уг EGM загвараар 9 алтан загасаар баримтыг шүүлгэхэд архитектурын 26 ноцтой цоорхойг (жишээ нь: гүйлгээ дундаа тасрах, idempotency түлхүүрийн давхардал, сүлжээний timeout) илрүүлсэн байна. Загварыг сайжруулж тодорхойлсны дараа агент уг кодоо анхны оролдлогоороо л 24/24 тестийг амжилттай давж хэрэгжүүлсэн бөгөөд нийт API зардалд ердөө $3.40 зарцуулагджээ.


Хэрхэн ашиглаж эхлэх вэ?

Google уг хэрэгслийг зөвхөн өөрсдийн экосистемээр хязгаарласангүй. Энэхүү залгаас нь Claude Code, Codex болон Google-ийн Antigravity зэрэг хөгжүүлэлтийн хэрэгслүүдэд шууд дэмжигдэн орж иржээ.

Жишээ нь, Claude Code дээр суулгахын тулд:

claude plugin marketplace add google/elephant-goldfish-model
claude plugin install egm@egm

Ажиллах үндсэн командын дараалал:

  • /egm-brainstorm — Санаагаа хэлэлцэж төслийн тойм (concept brief) гаргах
  • /egm-draft — Код бичилгүйгээр архитектурын бүрэн Markdown бичих
  • /egm-review — Алтан загасуудыг ажиллуулж шүүмжлүүлэх
  • /egm-resolve — Илэрсэн асуудлуудыг засаж, кодоо бичүүлэх зөвшөөрөл өгөх

Дүгнэлт: Инженерийн гол үнэ цэн юунд шилжиж байна вэ?

Код бичих зардлыг хиймэл оюун бараг 0 болгож буй өнөө үед инженерийн үнэ цэн "хэр хурдан синтакс бичих"-д биш, харин "системийг хэр зөв төлөвлөх, архитектурыг хэрхэн шүүмжлэх"-д шилжиж байна. Google-ийн энэхүү нээлттэй шийдэл нь "vibe coding" гэх хий хоосон хөөрлөөс инженерчлэлийн сонгодог бат бөх сахилга бат руу буцах чухал гүүр болж байна.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

Ачаалж байна...