IDE-ийн эрин үе төгсөж, "ADE" эхлэв үү? JetBrains олон агентыг зэрэг удирдагч "Air" платформоо танилцууллаа
Программ хангамж хөгжүүлэлтийн ертөнцөд сүүлийн хэдэн арван жилийн турш ноёрхсон нэгэн стандарт бий. Тэр бол бидний өдөр тутам ашигладаг IDE (Integrated Development Environment) буюу нэгдсэн хөгжүүлэлтийн орчин билээ. Гэвч хиймэл оюунт агентууд зүгээр нэг код санал болгох түвшнээс хальж, бие даан код бичих, тест ажиллуулах, дебаг хийх чадвартай болсон өнөө үед уламжлалт IDE хангалтгүй болж эхэллээ.
Энэхүү шилжилтийн үед IntelliJ IDEA, PyCharm, WebStorm болон Kotlin хэлээрээ дэлхийд танигдсан JetBrains компани өөрсдийн дараагийн том алхмаа хийж, JetBrains Air экосистемийг олон нийтэд зарлалаа. Тэд үүнийг ердийн нэг IDE биш, харин агентуудад зориулсан ADE (Agentic Development Environment) гэж нэрлэж байна.
26 жилийн уламжлал яагаад өөрчлөгдөх болов?
JetBrains-ийн Гүйцэтгэх захирал Кирилл Скрыган (Kirill Skrygan) албан ёсны мэдэгдэлдээ: "Сүүлийн 26 жилийн турш бид ганц хөгжүүлэгчийн ширээний бүтээмжийг нэмэгдүүлэхэд төвлөрч ирсэн. Харин одоо агентууд бодитоор ажиллаж эхэлсэн систем рүү шилжих цаг болжээ. AI код бичиж чадна, гэхдээ алдаа гаргахын зардал хэвээр үлдсэн. Компаниуд зөвхөн код бус, найдвартай программ хангамж бүтээх шаардлагатай" хэмээн онцолсон байна.
Өнөөдөр зах зээл дээр гарч ирж буй Cursor, Windsurf зэрэг хиймэл оюунт эдиторууд хөгжүүлэгчидтэй чаталж, нэг удаад нэг даалгавар гүйцэтгэхийг хичээдэг. Гэвч бодит байдал дээр том хэмжээний төсөл дээр нэг агентын гаргасан алдаа бүх кодын санг сүйтгэх, эсвэл хөгжүүлэгч олон төрлийн салангид модел, CLI хэрэгслүүдийн хооронд төөрч, context-ээ алдах ноцтой асуудал нүүрлэж байв.
JetBrains Air нь үүнийг үндсээр нь өөрчлөхөөр бүтээгджээ.
"ADE" гэж юу вэ? Олон агентыг зэрэг зэрэгцүүлэн ажиллуулах нь
JetBrains Air-ийн гол цөм нь Parallel Task Loops буюу агентуудыг тусгаарлагдсан орчинд зэрэг ажиллуулах чадвар юм.
Хөгжүүлэгч ганц чат цонхонд гацаж суухын оронд:
- Claude Agent-д шинэ боломжийн (feature) логик бичих даалгавар өгнө.
- Үүнтэй зэрэгцэн OpenAI Codex дээр үндэслэн тусдаа салбар дээр интеграцийн тестүүдийг бичүүлнэ.
- Харин JetBrains-ийн өөрийн Junie агент хуучин кодын рефакторинг хийж байх боломжтой.
Эдгээр агентууд тус бүрдээ тусгаарлагдсан git worktree болон sandbox орчинд ажиллах тул бие биеийнхээ кодтой шууд мөргөлдөхгүй. Агентууд даалгавраа дуусгасны дараа JetBrains-ийн олон жилийн турш хөгжүүлсэн гүн кодын анализ (AST, symbol indexing) бүхий "Code Intelligence" шалгуураар үр дүнг нь шалгаж, хүний хяналтаар үндсэн branch рүү нэгтгэнэ.
"Vendor Lock-in"-ийг эвдэх ACP протокол
Одоогоор зах зээл дээрх ихэнх том тоглогчид хэрэглэгчдийг өөрсдийн модел, хаалттай дэд бүтэц рүү хүчээр түгжих хандлагатай байна. Хэрэв та тодорхой нэг AI хэрэгсэл сонгосон бол бүх багаараа зөвхөн түүнийг ашиглахаас өөр аргагүй болдог.
JetBrains энэ түгжрэлийг арилгах зорилгоор Agent Client Protocol (ACP) стандартыг нэвтрүүлжээ. Энэ протоколын ачаар:
- Ямар ч модел, агентыг холбох эрх чөлөө: Та Claude, OpenAI, Gemini эсвэл локал байдлаар ажилладаг OpenCode-ийг ч Air-тай шууд холбож болно.
- Context нэгдмэл байдал: Өөр өөр модел солиход төслийн бүтэц, архитектурын ойлголт устаж үгүй болохгүй.
- AI FinOps ба Governance: Байгууллагын менежерүүд аль баг, аль агент хэр их токен, хэдэн доллар зарцуулж байгааг нэг дороос хянах боломжтой.
Air системийн бүтцийн гурван тулгуур
JetBrains Air нь бүтээгдэхүүний хувьд дараах 3 түвшинд хуваагдаж байна:
- Air in JetBrains IDEs: Бидний сайн мэдэх IntelliJ платформын IDE-ууд дотор суурилсан агентын удирдлагын давхарга. Код дотроос шууд агент дуудах, task хуваарилах, гарсан өөрчлөлтийг diff хэлбэрээр хянах орчин.
- Air Teams: Хөгжүүлэгчид болон автономит агентуудын дундын ажлыг зохицуулах систем. CI/CD пайплайн болон Git PR түвшинд агентууд автоматаар оролцож код хянах, засвар оруулах боломжийг олгоно.
- Air Governance: Байгууллагын хэмжээний бодлого, зардлын хязгаарлалт, аюулгүй байдлын аудит болон access control-ийг зохицуулах төв самбар.
Монголын хөгжүүлэгчид үүнээс юуг ойлгох хэрэгтэй вэ?
Программ хангамжийн салбар "Prompt бичдэг хөгжүүлэгч"-ийн шатнаас хурдтайгаар "Олон агентыг зохицуулдаг удирдагч" (Agent Orchestrator) болох шат руу шилжиж байна.
Бид өмнө нь функц бүрийг гараараа бичиж, араас нь unit test зохиож, дараа нь баримт бичгийг нь хөтөлдөг дараалсан шугаман зарчмаар ажилладаг байсан. Харин JetBrains Air зэрэг ADE платформууд нэвтэрснээр бид 3-4 бие даасан агентад үүргийг нь зөв хуваарилж, тэдний бүтээсэн үр дүнг архитектурын хувьд зөв эсэхийг нь шүүмжлэлтэйгээр хянадаг "Lead Engineer"-ийн сэтгэлгээгээр ажиллах шаардлагатай болж байна.
Уламжлалт IDE зүгээр л текст засварлагч биш болж хувирч байсан шиг, ирээдүйн кодын орчин зөвхөн хүнд бус, хүн ба олон зуун AI агентын хамтран ажиллах төв цэг болж хувьсан өөрчлөгдөж эхэллээ.
Эх сурвалж: JetBrains Blog (Kirill Skrygan: JetBrains Air: Building a System of Products for Agentic Software Development), InfoWorld, Unite.AI.
Сэтгэгдэл
Ачаалж байна...