Мэдээ

Таны Mac таны гэр бүл, харилцааг чимээгүй зураглаж байна: macOS доторх 51 SQLite бааз ба нууц "Kinship Classifier" илчлэгдлээ

TOGTOKHTOGTOKH·2026 оны арван нэгдүгээр сарын 8·0 үзсэн·
Таны Mac таны гэр бүл, харилцааг чимээгүй зураглаж байна: macOS доторх 51 SQLite бааз ба нууц "Kinship Classifier" илчлэгдлээ

Mac хэрэглэгчдийн Activity Monitor дээр хааяа CPU-ийн 100%-ийг эзэлж, комьпютерийг сэнсрүүлдэг knowledgeconstructiond гэх даймон (daemon) процессийг та анзаарч байсан уу? Apple-ийн албан ёсны гарын авлагад (man page) үүнийг ердөө "төхөөрөмж болон хэрэглэгчийг илэрхийлэх мэдлэгийн граф үүсгэх даалгавартай" хэмээн хоёрхон өгүүлбэрээр тайлбарласан байдаг.

Харин 8rank кибер аюулгүй байдлын судлаачид Дарио Паскини (Dario Pasquini), Михал Базыли (Michał Bazyli) нар уг процессийн цаана яг ямар өгөгдөл цуглаж байгааг урвуу инженерчлэлээр (reverse engineering) судалж үзээд цочирдом үр дүнд хүрснээ өчигдөр олон нийтэд дэлгэлээ. Тэдний нийтлэл Hacker News-ийн тэргүүн эгнээнд гарч, хөгжүүлэгчид болон нууцлал судлаачдын дунд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

macOS систем 2022 оны Ventura (macOS 13) хувилбараас хойш хэрэглэгчдэд ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр, таны хэн болох, хэнтэй ямар холбоотой, гэр бүлийн хэн хэн байдаг зэргийг машин сургалтын тусламжтай автоматаар тооцоолон хадгалдаг далд систем ажиллуулж байжээ.


~/Library/IntelligencePlatform: Системийн гүн дэх 51 SQLite өгөгдлийн сан

Судлаачдын олж тогтоосноор энэхүү систем нь хэрэглэгчийн сангийн ~/Library/IntelligencePlatform хавтсанд байрладаг. Хамгийн сонирхолтой нь энд 51 ширхэг тусдаа, ямар ч шифрлэлтгүй (plaintext) SQLite өгөгдлийн сан оршиж байдаг бөгөөд тэдгээрийн цөм нь graph.db нэртэй файл юм.

Уг мэдлэгийн графын (Knowledge Graph) бүтэц нь дараах өргөн хүрээг хамардаг:

  • 181 төрлийн Entity Class (хүн, байршил, төхөөрөмж, байгууллага, үйл явдал гэх мэт)
  • 278 төрлийн Relationship Predicate (эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд, хамтран ажиллагч, нууц харилцаа, дарга, уулзалтын газар г.м.)

Системийн ард хоёр гол процесс хамтран ажилладаг:

  1. knowledgeconstructiond: Их хэмжээний тооцоолол шаардсан өгөгдөл боловсруулах, ML анализыг хариуцдаг.
  2. intelligenceplatformd: Графыг хадгалах, өөрчлөлт оруулах, системийн бусад сервисүүдэд (Siri, Spotlight г.м.) өгөгдөл түгээх үүрэгтэй.

Энэ хоёр даймон нь таны төхөөрөмжийн бүхий л сувгаас мэдээлэл түүдэг: Харилцагчийн жагсаалт (Contacts), Зургийн цомог дээрх царай таних алгоритмын үр дүн, Цаглавар (Calendar), Messages болон Mail-ийн харилцааны түүх (хэнтэй хэзээ ярьсан логистик), Health Medical ID (яаралтай үед залгах хүн), мөн Family Sharing дээрх гишүүдийн насны ангилал!


"Kinship Classifier": Apple харилцааг хэрхэн таамагладаг вэ?

Энэ системийн хамгийн ноцтой бөгөөд техникийн хувьд гайхалтай хэсэг нь Kinship Classifier (Ураг төрлийн харилцааг ангилагч) юм. Та харилцагчийн жагсаалтдаа тухайн хүнийг "Эхнэр", "Дүү" эсвэл "Хамтрагч" гэж хэзээ ч бичээгүй байсан ч macOS өөрөө бие даан дүгнэлт хийдэг.

Судлаачдын дүн шинжилгээгээр Apple энд XGBoost (Extreme Gradient Boosting) машин сургалтын загвар болон эвристик дүрмүүдийг хослуулан ашигладаг болох нь илэрчээ:

  • Хэрэв та оройн цагаар нэг хүнтэй байнга FaceTime хийж, зургийн цомогт тухайн хүнтэй ойр ойрхон хамт авахуулсан зураг олдвол загвар түүнийг эхнэр/нөхөр эсвэл хос гэж таамаглана.
  • Хэрэв та ажлын имэйл домайнаас календарын урилга хүлээн авдаг, нэг төслийн групп чатад байдаг бол таны ажилладаг компани, дарга, хамт олноор ангилна.
  • Тухайн харилцаа бүрд ML модел нь итгэлцлийн хувь (confidence score) оноодог (жишээ нь: "Person A is sister with 0.89 confidence").

Устгасан ч устдаггүй архив ба "унтраах товчгүй" архитектур

Хэрэглэгчийн хувийн нууцлалын хувьд хамгийн их дургүйцэл төрүүлж буй асуудал нь өгөгдлийг цэвэрлэх ямар ч боломжгүй байгаа явдал юм.

Судлаачид туршилт хийж, харилцагчийн утасны дугаарыг устгах, зургийг нь арчих үед уг графаас харилцаа бүрмөсөн арилахгүй байгааг тогтоожээ. Систем нь уг бичлэгийг зүгээр л өгөгдлийн баазын archive хүснэгт рүү шилжүүлж, "retracted" (цуцлагдсан) төлөвт шилжүүлэн итгэлцлийн оноотой нь хамт хадгалж үлддэг байна!

Түүнчлэн:

  • Унтраах тохиргоо байхгүй: System Settings дотор уг графыг цуглуулахыг зогсоох ямар ч toggle switch байхгүй.
  • Даймонуудыг устгаж болохгүй: Хэрэв терминалаас kill -9 хийх эсвэл ~/Library/IntelligencePlatform хавтсыг бүхэлд нь устгавал launchd системийг дахин ачаалж, SQLite өгөгдлийн баазуудыг анхнаас нь дахин үүсгэж эхэлдэг.

Хөгжүүлэгчид болон Аюулгүй байдалд яагаад чухал вэ?

Энэ нь энгийн хэрэглэгчдэд зориулсан функцээс хальж, инженерийн түвшинд хэд хэдэн томоохон асуултыг бий болгож байна:

  1. Apple Intelligence ба Local AI-ийн бэлтгэл: Apple-ийн сурталчилж буй "On-device Personal Context" бүхий шинэ Siri AI яг энэ графыг сууриа болгон ашиглаж байгаа нь тодорхой болов. Хэрэглэгчийн бүх хувийн контекст үүлэн серверт биш, төхөөрөмж дээр бэлэн graph форматаар хадгалагддаг нь орон нутгийн хиймэл оюун ухаанд маш том давуу тал юм.
  2. Аюулгүй байдлын цоорхой (Targeted Extraction): Хэдийгээр эдгээр SQLite файлууд нь macOS-ийн Full Disk Access (FDA) болон SIP хамгаалалтаар хязгаарлагддаг ч, нэгэнт FDA эрх авсан дурын аппликейшн, хортой код (malware) эсвэл дотоод терминалын скринпт тухайн хүний бүх гэр бүлийн мод, найз нөхөд, харилцааны түүхийг бэлэн JSON/SQL бүтцээр нь шууд хуулж авах боломжтой. Шифрлэгдээгүй хадгалагддаг нь халдлага үйлдэгчдэд өндөр нарийвчлалтай сошиал инженерчлэл (spear-phishing) хийх бэлэн бэлэг болж өгч байна.

Шинжээчид өөрсдийн нээлтийг баталгаажуулах зорилгоор хэрэглэгчид өөрсдийн Mac дээр ямар граф үүссэнийг нүдээр харах боломжтой нээлттэй эхийн iKnow нэртэй терминал хэрэгслийг бүтээж GitHub дээр байршуулжээ.

Та өөрийн Mac дээрх даймоны мэдээллийг Terminal-аар харахыг хүсвэл:

man knowledgeconstructiond
man intelligenceplatformd

тушаалыг ажиллуулан Apple уг системийг өөрсдөө юу гэж тодорхойлсныг шалгаж болно.

Хэрэглэгчийн төхөөрөмж дээр тухайн хүний амьдралыг хавтгайруулан тагнаж зураглах, түүнийгээ унтраах боломжгүйгээр хэрэгжүүлэх нь хувийн нууцыг хамгаалагч хэмээн өөрсдийгөө тодорхойлдог Apple-ийн бодлогод нийцэж байгаа эсэх талаар дэлхийн технологийн нийгэмлэг өнөөдөр ид маргалдаж байна.


Эх сурвалж: Hacker News / 8rank Research, Privacy Affairs Technical Report

Сэтгэгдэл

Ачаалж байна...