Мэдээ

Интернэтийн 60%-ийг дайрах аюул: NGINX-ээс 11 жилийн настай Pre-Auth RCE илэрч, "NGINX2Root" зарлагдлаа

TOGTOKHTOGTOKH·2026 оны арван нэгдүгээр сарын 18·3 үзсэн·
Интернэтийн 60%-ийг дайрах аюул: NGINX-ээс 11 жилийн настай Pre-Auth RCE илэрч, "NGINX2Root" зарлагдлаа

Дэлхийн хамгийн олон хандалттай вэб сайтуудын бараг гуравны хоёрыг нуруун дээрээ үүрч явдаг NGINX вэб сервер болон reverse proxy системд аливаа нэвтрэх эрх шаардахгүйгээр алсаас дурын код ажиллуулах (Pre-Authentication Remote Code Execution буюу Pre-Auth RCE) боломжтой нэн ноцтой цоорхойнууд илэрлээ.

Пентагоны DARPA-тай хамтран ажилладаг кибер аюулгүй байдлын Xint компани болон үүлэн аюулгүй байдлын Wiz баг уг эмзэг байдлуудыг бие даан илрүүлснээ зарлаж, хөгжүүлэгчдийг түргэн авхуулаад байна. Нийт 5 тусдаа CVE бүртгэгдсэний дотор хамгийн өндөр буюу CVSS 9.2 оноо авсан CVE-2026-123007 цоорхой багтаж байгаа бөгөөд олон нийт үүнийг "NGINX2Root" хэмээн нэрлээд байна.

Хамгийн түгшүүртэй нь, уг эмзэг байдлыг олоход хиймэл оюун ухааны (AI) агент голлох үүргийг гүйцэтгэжээ.


Хакер AI-ийн шинэ эрин: 11 жилийн өмнөх кодоос "Ариун цом"-ыг олсон нь

Xint-ийн мэдээлснээр тэд өөрсдийн хөгжүүлсэн автоматжуулсан red-team AI системийг NGINX-ийн эх кодод чиглүүлсэн байна. AI агент ямар ч хүний гар ажиллагаагүйгээр хэдхэн цагийн дотор 4 ноцтой сул талыг бие даан илрүүлжээ. Үүний дараа туршлагатай шинжээчид AI-ийн гаргасан сэжүүрийг нарийвчлан судалж, хакеруудын үе үеэрээ мөрөөдөж ирсэн "Ариун цом" (Holy Grail) буюу NGINX дээрх баталгаажуулалтгүй RCE-ийг бүтээж чадсан байна.

Асуудлын үндэс нь бүр тэртээ 2015 онд NGINX 1.9.5 хувилбарт анх нэмэгдэж байсан HTTP/2 протоколын урсгал удирдлагын (flow control) кодоос эхтэй. Арван нэгэн жилийн турш нээлттэй эхийн шилдэг инженерүүдийн нүднээс далд өнгөрсөн уг санах ойн алдааг өнөөдрийн AI загвар өчүүхэн зардлаар хялбархан ухаж гаргаж ирсэн нь кибер хамгаалалтын тэнцвэрийг дахин сануулж байна.


CVE-2026-123007 яг яаж ажилладаг вэ?

Уг халдлага нь NGINX сервер рүү тусгайлан боловсруулсан сөрөг утга бүхий HTTP/2 фреймүүд (frames) илгээх үед үүсдэг.

  1. Integer Underflow үүсэх: NGINX нь HTTP/2 stream цонхны хэмжээг тооцоолох явцдаа өгөгдлийг шалгах хязгаарыг буруу тооцсоноос болж бүхэл тооны халилт (integer underflow) үүсдэг.
  2. Санах ой бохирдох (Memory Corruption): Улмаар урьдчилан хуваарилсан сүлжээний баферээс хэтэрсэн өгөгдөл heap санах ойд бичигддэг.
  3. Хяналт авах: Халдагч санах ойн заагчийг (pointers) өөрийн хүссэн shellcode руу чиглүүлснээр веб серверийн түвшинд дурын команд гүйцэтгэх бүрэн боломжтой болно.

Wiz судалгааны багийн баталснаар, ямар ч backend сервергүй (Node.js, Go, Python г.м. холбогдоогүй), ямар ч 3rd-party модуль суулгаагүй, зөвхөн цэвэр статик HTML/CSS файл түгээдэг ердийн NGINX сервер ч энэхүү цоорхойд бүрэн нээлттэй байгаа нь асуудлыг туйлын ноцтой болгож байна.

Түүнчлэн Xint-ийн туршилтаар уг RCE-ийг үйлдлийн системийн Линукс цөмийн өөр нэг сул талтай холбон (exploit chaining) ашиглахад, NGINX нь Docker контейнер дотор ажиллаж байсан ч контейнероосоо хальж (container escape), үндсэн host системийн root эрхийг гарган авч чадсан байна.


Зүгээр л HTTP/2-ыг унтраачихвал найдвартай юу?

Олон системийн админууд болон инженерүүд яаралтай гал унтраахын тулд серверийн nginx.conf тохиргооноос http2 түлхүүр үгийг хасаж эхэлжээ.

Гэвч шинжээчдийн анхааруулж буйгаар энэ нь хангалттай хамгаалалт БИШ.

  • "NGINX2Root" багцад илэрсэн 5 сул талын зөвхөн хоёр нь л цэвэр HTTP/2 модуль дээр суурилсан.
  • Үлдсэн гурван эмзэг байдал нь HTTP/1.1 хүсэлт боловсруулах болон reverse proxy-ийн зарим дотоод логикт нөлөөлөх чадвартай.

Тиймээс HTTP/2-ыг түр хаах нь цаг хожих арга мөн боловч бүрэн хамгаалалт болж чадахгүй.


Хөгжүүлэгчид болон DevOps багууд яг одоо юу хийх вэ?

Хэрэв танай байгууллага, бүтээгдэхүүн NGINX ашиглаж байгаа бол доорх алхмуудыг нэн даруй хэрэгжүүлэхийг зөвлөж байна:

1. Серверээ шалгах

Танай NGINX сервер гаднаас HTTP/2 протоколоор хандалт авч байгаа эсэхийг дараах коммандаар шууд терминалаасаа шалгаарай:

curl -sI --http2 -o /dev/null -w '%{http_version}\n' https://your-server-ip-or-domain/

(Хэрэв гаралт нь 2 гэж гарч ирвэл таны сервер HTTP/2 хүлээн авч байгаа тул шууд эрсдэлт бүлэгт багтана. Анхааруулга: Cloudflare зэрэг CDN цаана байгаа бол серверээ шууд IP-ээр нь шалгаарай).

2. Албан ёсны patch суулгах

NGINX төслөөс яаралтай шинэчлэлт бүхий дараах хувилбаруудыг гаргаад байна:

  • NGINX 1.31.9 (Mainline)
  • NGINX 1.30.7 (Stable)

Хэрэв та Ubuntu, Debian, Alpine зэрэг түгээмэл үйлдлийн систем дээр ажиллаж байгаа бол тухайн дистрибьюшний security repo-оос багцаа хамгийн сүүлийн хувилбар луу яаралтай татаж upgrade хийнэ үү:

# Debian/Ubuntu
sudo apt update && sudo apt --only-upgrade install nginx

# Alpine
apk update && apk add --upgrade nginx

3. Docker image-үүдээ дахин build хийх

Олон багууд nginx:alpine эсвэл nginx:latest суурьтай image ашиглан микросервисүүдээ ажиллуулдаг. Албан ёсны Docker Hub дээр засварлагдсан суурь image-үүд орж ирсэн тул CI/CD pipeline-аараа дамжуулан container image-үүдээ cache ашиглахгүйгээр дахин build хийж (--no-cache), production дээр шинээр байршуулах шаардлагатай.


Дүгнэлт

AI системүүд өнгөрсөн арван жилийн legacy кодоос хамгийн нарийн RCE цоорхойнуудыг асар хурдтай илрүүлж чаддаг болсон энэ цаг үед "код маань олон жил асуудалгүй ажилласан тул аюулгүй" гэсэн ойлголт бүрэн няцаагдлаа. Хөгжүүлэгчид болон DevOps инженерүүд дэд бүтцээ хамгийн сүүлийн үеийн хувилбар дээр байнга хадгалж, автоматик аюулгүй байдлын шалгалтыг CI/CD-ийн салшгүй хэсэг болгох цаг аль хэдийн иржээ.

Эх сурвалж:

  • Forbes: "World’s Best AI Hacker Just Uncovered A Massive Web Vulnerability"
  • Xint Blog: "NGINX2Root: New Remote Code Execution Vulnerabilities in nginx Require Urgent Patching"
  • Wiz Security Research: "Unauthenticated Remote Code Execution in NGINX: CVE-2026-123007"

Сэтгэгдэл

Ачаалж байна...