Маркетинг

Маркетинг уу, Брэндинг уу? аль нь илүү ТОМ ойлголт вэ? 🤔

TLMNTLMN·2026 оны наймдугаар сарын 5·4 үзсэн·
Маркетинг уу, Брэндинг уу? аль нь илүү ТОМ ойлголт вэ? 🤔

Одоог хүртэл маргалддаг нэг хэрүүлийн алим байнаа😜

Нэг удаа дизайнер танилтайгаа таараад брэндинг, маркетинг гээл зах зухаас нь жоохон юм ярилаа. Тэгтэл мань тиймэрхүү жижиг юм хийдэггүй ээ, брэнд хийдэг ээ л гэж байна шүү. Тэгээд яг юу гэсэн чинь өөдөөс баахан дизайн л яриад байв. Энэ ойлголт бол олон хүнд байдаг нийтлэг андуурал🫠

Бас нилээд танил болсон салбарын эксперт гэгдэх нэг гар (аа бас энд тэнд сургалт мургалт ороод л, зөвлөж мөвлөөл айхтарррр 😝) Маркетинг бол маш том ойлголт шүү, харин брэндинг бол хүн шиг зан чанартай, амьтай мэт нтр гэснээ маркетингийн нэг чухал хэсэг гэнээ. Тайлбарлахдаа лого, өнгө, дизайн, ялгарал, бусдаас онцгой байх нтр гээл ярьж байна. Гүээ яахав буруу бол бишээ, хөгжил нь тийм байсан нь үнэн.

Гэхдээ Маркетинг дотор брэндинг байдаг уу? Эсвэл брэндинг дотор Маркетинг багтдаг уу? Одоог хүртэл үүний логик ялгааг ойлгоогүй хүмүүс их байдаг юм билээ.

Маркетинг, Брэндинг аль нь илүү ТОМ ойлголт вэ? Бид алинд нь хэрхэн анхаарах ёстой вэ? гэдэг дээр аль болох цэгцтэй, энгийнээр тайлбарлах гэж оролдъё.

⏳Эхлээд Маркетингийн салбарын хөгжил, хувьсал, одоо юу болоод байгаа тухай товчхоон базаа хийе 😎

1️⃣ Маркетинг БУРХАН байсан цаг (1950–1970аад он)

Энэ үед маркетингийг бизнесийн бүх зүйл гэж ойлгодог байсан ба бидний сайн мэдэх 4P (Product, Price, Place, Promotion)-ээр стратегиа тодорхойлдог байв. Харин брэндинг гэдэг ойлголт зүгээр л нэр, лого, сав баглаа боодол зэрэг ялгарах элементүүдийн хүрээнд ашиглагддаг байсан.

🔖Энэ үед Ф.Котлер маркетингийг “Бүтээгдэхүүн, үнэ, түгээлт, сурталчилгааг системтэй уялдуулж, хэрэглэгчийн хэрэгцээг хангах үйл явц” гэж тодорхойлсон байдаг.

(Marketing > Branding)📝

2️⃣ Бүтээгдэхүүнээ биш, хүнийг хар гэж орилсон он жилүүд (1970–1980)

Энэ үед массын маркетингийн үр ашиг багасч, хэрэглэгчийг илүү нарийн сегментчлэх, бүтээгдэхүүнээ ялгаруулах шаардлага үүссэн ба маркетинг “бүтээгдэхүүнээ биш хэрэглэгчийн хэрэгцээг хар” гэсэн философируу шилжиж эхэлсэн.

🔖 Ф.Котлер STP (Segmentation – Targeting - Positioning) framework-ийг боловсруулж компаниудад зах зээлд ялгарах шинэ арга замыг санал болгосон юм.

📚Үүний үр дүнд Volvo автомашины зах зээлд “аюулгүй байдал”-аар ялгарч эхэлсэн байх жишээтэй.

(Marketing > Branding)📝

3️⃣ Логоноос хальж, хүний тархинд нүүсэн нь (1980–1990ээд он)

Энэ үед брэнд гэдэг ойлголт логоноос хальж, хэрэглэгчийн оюун санаанд эзлэх байр суурь, байгууллагын үнэт хөрөнгө болж эхэлсэн.

🔖 Брэндийн ялгарал нь бүтээгдэхүүнд бус, хэрэглэгчийн оюун санаанд ямар байр суурь эзэлснээр тодорхойлогддог (Al Ries & Jack Trout, 1981) бөгөөд энэ ялгарал байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болж, үнэнч байдал, чанар гэх мэтээр хэмжигдэнэ (David Aaker, 1991) гэж тодорхойлогдон, улмаар брэндингийг тусдаа шинжлэх ухаан болгон хөгжүүлсэн юм. 🔬

📚Үүний тод жишээ нь 👟Nike x Michael Jordan хамтран Air Jordan-ийг зах зээлд гаргасан нь пүүзийг зөвхөн спортын хэрэгсэл биш, харин хувцаслах соёл болгож чадсан. Мөн 📲Apple 1997 онд “Think Different” кампанит ажлаараа өөрийгөө зүгээр л компьютер үйлдвэрлэгч бус, бүтээлч сэтгэлгээг төлөөлөгч брэнд гэж зарлаж, брэндийн ойлголтыг шинэ түвшинд гаргасан.

(Marketing ~ Branding)📝

4️⃣ Савангаас философи, кофеноос амьдралын хэв маяг (2000–2010-аад оны эхэн)

Энэ үед брэндийн ялгарал хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, storytelling дээр суурилж байлаа. Хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдаж авахдаа тухайн брэндийн философи, хэв маягийг сонгодог байсан.

🔖 Kevin Lane Keller (Strategic Brand Management, 1998) брэндийн үнэ цэн хэрэглэгчийн perception дээр тогтдог гэдгийг онцолсон бол Marty Neumeier (The Brand Gap, 2005) “A brand is not what you say it is, it’s what they say it is” гэж тайлбарласан байдаг.

📚Үүний тод жишээ бол 🧼Dove-ийн “Real Beauty” кампанит ажил. Энгийн саванг “жинхэнэ гоо сайхны тухай үзэл санаа” болгон өргөжүүлж, дэлхий даяар шуугиулсан. ⚡️Red Bull ч extreme амьдралын хэв маяг, адал явдлын бэлгэ тэмдэг болсон.

👉Энэ үеэс брэндинг нь практикт амьдралын хэв маяг, философи, түүх яриагаар дамжуулан хэрэглэгчдийн сэтгэлд хүчтэй байр суурь эзэлж, харин маркетинг богино хугацааны гүйцэтгэл рүү шилжиж эхэлсэн.

(Marketing < Branding)📝

5️⃣ Лайк, шэйр, кликт мансуурсан арваад жил (2010–2020)

2010 оноос хойш Facebook, Instagram, YouTube зэрэг сошиал сувгуудын тэсрэлт болж Маркетерууд “reach, click, conversion”-д анхаарч, брэндүүдийн өдөр тутмын шийдвэрүүд эдгээр data-гаар хэмжигдэх болсон.

Энэ үед брэндийн урт хугацааны үнэ цэн бүдгэрч, кампанит ажлын богино хугацааны ROI хамгийн чухал хэмжүүр болж хувирсан.

🔖 Byron Sharp (How Brands Grow, 2010) “брэндийн өсөлт бол олон хүнд хүрч, олон дахин харагдах дээр тогтдог” гэсэн бол Simon Sinek (Start With Why, 2009) “People don’t buy what you do, they buy why you do it” хэмээн брэндийн зорилгын ач холбогдлыг тодруулсан нь компаниудад хоёр өөр чиглэлийг санал болгосон юм.

Өөрөөр хэлбэл нэг нь тоон хэмжүүр, нөгөө нь үзэл санааны ялгарал.

📚Энэ үеийн хамгийн iconic жишээнүүдийн нэг бол ALS Ice Bucket Challenge (2014). Энэ нь social viral контент зөвхөн awareness бус fundraising хийж чаддаг гэдгийг харуулсан. Бас нэг сонгодог жишээ нь Airbnb. Тэд зүгээр байр түрээсэлдэг платформ байхаа больж, “Belong Anywhere” философиор дамжуулан хүмүүсийг шинэ соёлд нэгтгэж чадсан.

👉Social media болон performance маркетингийн ноёрхол нь богино хугацааны өсөлтийг дэмжиж байсан ч, урт хугацаанд ялгарах цорын ганц зүйл нь брэндийн философи, зорилго хэвээр үлдэх нь улам тодорхой болсон.

(Marketing <> Branding)📝

6️⃣Алгоритм ба хиймэл оюунд ‘тэнцэх’ гэж хөлсөө гаргаж буй өнөө үе (2020–одоог хүртэл).

2020 оноос хойш маркетингийн дүрэм дахин өөрчлөгдсөн. Өмнө нь Facebook дээр хэдхэн төгрөгөөр хэрэглэгч татдаг байсан бол одоо хүмүүсийн мэдээллийг хамгаалах хууль журам чангарснаар энэ нь “хэцүү” болсон.

Нөгөө талд хиймэл оюун ухаан (AI) эрчимтэй хөгжиж, маркетеруудын ажлын арга барилыг өөрчилж, бүх зүйл хурдан, автомат болж эхэлсэн. Ингэснээр контент бүтээх, кампанит ажлын гүйцэтгэл улам хялбар болж байгаа ч, хэрэглэгчийн сэтгэлд үлдэх “жинхэнэ ялгарал” нь зөвхөн брэндийн философи, үнэт зүйл дээр тогтож байна.

🔖 Ф.Котлер өөрөө ч Marketing 5.0 (2021) бүтээлдээ “Орчин үеийн маркетинг брэнд төвтэй болж хувирсан” гэж онцолсон нь маркетингийн ойлголт өөрчлөгдснийг харуулж байна.

📚Tesla машин борлуулж байгаа мэт боловч үнэндээ “sustainable future movement”-ийг санал болгож байна. Apple “Privacy. That’s iPhone.” гэж зарлаж хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахыг өөрийн хамгийн том брэндийн үнэт зүйл болгож байна.

(Marketing < Branding)📝

💡Ингээд харвал энэ үе бол богино хугацааны гүйцэтгэлээс илүү урт хугацааны итгэлцэл, үнэт зүйл дээр тогтсон брэндинг бизнесийн жинхэнэ гол стратеги болж, бизнесүүд маркетингаас хэрхэн брэндингрүү шилжиж буйг тодоор харуулж байна.

〰️

🙋🏻‍♂️Сонирхоод асууя, танай компани ер нь аль шатанд явж байгаа юм шиг байна вэ?

〰️

❓Тэгвэл маркетинг vs брэндинг шууд утгаараа ямар ялгаатай болж таарав?

▪️Маркетинг бол богино хугацааны тактик. Өнөөдөр бид юуг, хаана, ямар сувгаар, ямар төсвөөр сурталчлах вэ гэдгийг шийдэж өгдөг. Харин брэндинг бол урт хугацааны стратеги. Энэ нь хэрэглэгчид биднийг хэн гэж харж, яагаад сонгож, яагаад дахин ирж үйлчлүүлэх тухай юм.

▪️Маркетинг нэг удаагийн аян, нэг пост, нэг сурталчилгааны ROI-оор хэмжигдэж үр дүн нь шууд харагддаг бол, брэндинг олон жилийн дараа ч хэрэглэгч таныг сонгосоор, итгэсээр байгаагийн шалтгаан юм.

🎬Тиймээс маркетинг “одоо”-г авчирдаг бол брэндинг “маргааш”-ийг бүтээдэг гэж хэлж болно.

⭐️Тэгэхээр брэндинг бол маркетингийн нэг хэсэг биш, харин маркетингийг өдөр тутам юу хийхийг чиглүүлдэг удирдамж, гарын авлага.

⭐️Брэндинг зөв тодорхойлогдоогүй бол Маркетинг зорилго чиглэлгүй болдог.

⭐️Харин брэндинг тодорхой байвал маркетингийн зорилго, мессежүүд тодорхой болж, маркетинг нь судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, UX/CX зэрэг бүхий л зүйлтэй уялдаж ажиллаж чаддаг. (Нэг зүйл нь танай зорилго богино хугацаанд мөнгө олоод exit хийх дээр төвлөрч байгаа бол брэндингдээ анхаарах нээх шаардлага байхгүй)

☺️Мөн брэндинг зөвхөн хэрэглэгчдэд биш, ажилтнуудад ч чиглэл өгдөг. “Бид юуны төлөө ажиллаж байна вэ? Яагаад энэ ажлаа хийж байгаа юм бэ?” гэдэг асуултын хариуг брэндинг өгч, хүмүүсийн өдөр тутмын урам зоригийг тэтгэдэг. (Энэ бол компаниудад цалингийн зардлаа хэмнэх сайхан боломж)

📝Маркетинг ба Брэндинг хоёрын маргаан олон жил үргэлжилж байгаа ч, үнэндээ тэд өрсөлдөгч биш, хамтрагч. Маркетинг бол хэрэгсэл, Брэндинг бол луужин. Хэрэгсэлгүйгээр замдаа гарч болохгүй, луужингүйгээр хаашаа хүрэхээ мэдэхгүй.

😀За тэгээд сэдвийн хүрээнд хариултаа хэрхэн гаргах дүгнэлтийг танд үлдээе👌

Өөр холбоотой зөндөө л зүйл орхигдчихлоо. Үүнээс их бичвэл хүн тоож уншихгүй байх. Энэ хүртэл гүрийж уншсанд баярлажийнээ🙏🏻

Peeeace✌️

Сэтгэгдэл

Ачаалж байна...