Мэдээ

GitHub-ийн гол хэрэглэгчид хүн биш AI агентууд болно: Платформ 16 жилийн түүхэндээ анх удаа дэд бүтцээ "Agent-First" болгон шинэчиллээ

TOGTOKHTOGTOKH·2026 оны арван нэгдүгээр сарын 2·2 үзсэн·
GitHub-ийн гол хэрэглэгчид хүн биш AI агентууд болно: Платформ 16 жилийн түүхэндээ анх удаа дэд бүтцээ "Agent-First" болгон шинэчиллээ

Хөгжүүлэгч бидний өдөр тутмын амьдрал GitHub дээр эхэлж, GitHub дээр дуусдаг. Гэвч өнөөдрөөс эхлэн энэ талбарын гол тоглогч нь хүн биш болж хувирч байна. GitHub-ийн COO (Үйл ажиллагаа эрхэлсэн захирал) Кайл Дэйгл платформын цаашдын ирээдүйн талаар хийсэн мэдэгдэлдээ: "Удахгүй GitHub-ийн үйлчилгээ, серверийн ачааллын дийлэнхийг хүний оронд автономит AI агентууд хэрэглэдэг болно" хэмээн онцлов.

Энэ бол зүгээр нэг хийсвэр төсөөлөл биш. Хөгжүүлэгчийн бичсэн кодод санаа өгдөг Copilot-ийн эрин үе ард хоцорч, өөрөө бие даан Issue уншиж, код өөрчилж, тест ажиллуулан Pull Request (PR) нээдэг "агент-хамтрагчдын" шинэ давлагаа GitHub-ийг бүтцээр нь нурааж эхэлжээ.

Сард 7.4 тэрбум commit: Дата төвүүдийг чичрүүлж буй кодын үер

Платформын хамгийн сүүлийн үеийн тайлангаас үзэхэд GitHub дээр нээгдэж буй нийт Pull Request-ийн 40 гаруй хувийг хүн биш, AI агентууд санаачлан үүсгэсэн байна. Хагас жилийн өмнө ердөө 17% байсан энэ үзүүлэлт богино хугацаанд хоёр дахин нугарчээ.

Сар бүр 220 сая гаруй PR merge хийгдэж, сарын нийт commit-ийн тоо 7.4 тэрбумд хүрсэн нь GitHub-ийн одоогийн архитектурт асар том дарамт учруулж эхэлсэн байна. AI-ийн бичсэн асар их хэмжээний код, лог, автомат тестийг боловсруулахын тулд сүүлийн саруудад Microsoft болон GitHub дангаараа нэмэлт 4 сая CPU core, 160 петабайт дата хадгалах сан нэмж байршуулахад хүрчээ. Хүний бичих хурдаар хэмжигдэж бүтээгдсэн хуучин дата төвийн бүтэц хиймэл оюуны секундийн дотор сая сая мөр код шиддэг хурдыг даахаа больсон гэсэн үг юм.

GitHub-ийн их хувьсал: Per-Seat загвар дуусч, "Agent Identity" ирлээ

Кайл Дэйглийн мэдэгдсэнээр GitHub өөрийн бүтцийг сууриар нь "Agent-First" буюу робот үйлчлүүлэгчдэд зориулсан загварт шилжүүлж эхэлжээ. Үүнд дараах гурван том архитектурын өөрчлөлт багтаж байна:

  1. Автономит кластеруудад зориулсан шинэ API архитектур:
    Хүн секундэд цөөн хэдэн хүсэлт илгээдэг бол мянга мянган агент зэрэг ажиллах үед төсөөлөхийн аргагүй burst traffic (огцом хүсэлт) үүсдэг. Тиймээс rate-limiting болон concurrency-ийн механизмуудыг агентуудын кластерт тохируулан дахин кодчилов.
  2. "Agent Identity" ба аюулгүй байдлын систем:
    Өмнө нь бүх хөгжүүлэгч хувийн данстай, харин автомат скриптүүд "Bot" шошготой явдаг байв. Одоо бие даан шийдвэр гаргагч агентуудад зориулсан криптографик таних тэмдэг, зөвшөөрлийн түвшин болон хяналтаас гарч дураараа код commit хийхээс (rogue automation) сэргийлэх хамгаалалтын тусгай бүтэц нэвтрүүлж байна.
  3. Үнийн бодлогын эрс шинэчлэл:
    GitHub-ийн 16 жил мөрдсөн "нэг хөгжүүлэгчийн суудлаар" (Per-seat pricing) тооцдог загвар агентын эринд тохирохоо больжээ. Цаашид багууд зөвхөн хүмүүсийнхээ тоогоор биш, ажиллаж буй агентуудынхаа "compute consumption" буюу тооцооллын хүчин чадлаар тусдаа тооцоо хийдэг шинэ төлбөрийн систем рүү шилжихээр төлөвлөж байна.

Код бичигчээс "Агентын багийн ахлагч" руу: Инженерүүд хаачих вэ?

Энэ бүх өөрчлөлт жирийн хөгжүүлэгчдэд ямар дохио өгч байна вэ? Хөгжүүлэгчийн өдөр тутмын ажил syntax бичих, boilerplate код цохих биш болох нь тодорхой болов.

  • Code Review биш, Agent Validation: Хүний бичсэн код дээр "энд variable нэрээ буруу өгчээ" гэж суух биш, агентын бичсэн бүхэл бүтэн системийн логик алдаагүй эсэх, бизнес шаардлагад нийцэж буй эсэхийг баталгаажуулах архитекторын үүрэг давамгайлж эхэлнэ.
  • Багийн удирдлага: Ахлах инженерүүд шинээр ирсэн junior инженерүүдэд даалгавар өгдөг шиг цаашид хөгжүүлэгч хүн өөрийн хариуцсан 5-10 бие даасан AI агентад шаардлага (spec) боловсруулж өгөн, ажлыг нь чиглүүлдэг "AI менежер" болох нь.
  • Архитектур ба Шүүмжлэлт сэтгэлгээ: Агентууд хэчнээн хурдан кодоллоо ч системийн өргөтгөх чадвар (scalability), дата бүтэц, нууцлалын бодлогыг эцсийн дүндээ хүний инженерийн нарийн туршлага л тодорхойлно.

GitHub-ийн хийсэн энэхүү үйлдэл нь технологийн салбар "код бичдэг AI туслах"-аас бүрэн салж, "программ хангамжийг бие даан босгодог хиймэл ажилтан"-ы үе рүү албан ёсоор эргэлт буцалтгүй шилжсэний хамгийн тод баталгаа боллоо. Хөгжүүлэгчид бид одоо гар хурууны хурдаараа биш, агентуудаа удирдах архитектурч сэтгэлгээгээрээ өрсөлдөх цаг иржээ.

Эх сурвалж: Emergent AI News: GitHub AI Agents to Surpass Developer Users, Says COO, Developer Tech News: GitHub Octoverse Analysis

Сэтгэгдэл

Ачаалж байна...