Модель сонгох толгойн өвчин дуусав уу? GitHub олон моделийг нэгэн зэрэг удирдах "Copilot Fusion"-ийг цацлаа
Хиймэл оюунд суурилсан код бичих туслахууд (AI coding assistants) өдөр тутмын амьдралд бүрэн нэвтэрсэн ч хөгжүүлэгчдийн өмнө өдөр бүр нэгэн төвөгтэй асуудал тулгардаг: "Энэ даалгаварт аль моделийг сонгох вэ?"
Энгийн нэг regex эсвэл функцын тайлбар бичүүлэх гэж Claude Opus юм уу GPT-5-ийн үнэтэй токенуудыг үрэх нь эдийн засгийн хувьд дэндүү үрэлгэн. Нөгөө талаас, олон мянган мөр код хамарсан нарийн рефакторинг хийхэд хөнгөн моделиуд төөрч, алдаа гаргадаг. Хөгжүүлэгчид моделоо байнга сольж, алийг нь хэзээ ашиглахаа тааварлах гэж цаг алддаг үеийг цэглэхээр GitHub "Copilot Fusion" хэмээх шинэ шийдлээ албан ёсоор GA (Generally Available) болгосноо зарлалаа.
Энэ бол зүгээр нэг модел сонгогч dropdown цэс биш, харин олон хиймэл оюуны агентийг нэгэн зэрэг удирддаг оркестрацийн бүтэц (multi-model orchestration) юм.
"Модель сонгох биш, хичээл зүтгэлээ (effort level) тохируул"
Copilot Fusion-ийн үндсэн логик маш тодорхой: Хөгжүүлэгч модель биш, харин өөрт хэрэгтэй Effort Level (хичээл зүтгэлийн түвшин)-ээ л сонгоно. Арын албанд GitHub Copilot таны prompt болон codebase-ийн агуулгыг шинжлээд, шаардлагатай LLM-үүдийг автоматаар холбож ажиллуулна.
Хэрэглэгчийн өмнө гурван сонголт бий:
- Fusion Standard: Өдөр тутмын хурдан гүйцэтгэл, boilerplate код, энгийн unit тест бичихэд хамгийн оновчтой, зардал багатай моделиудыг дайчилна.
- Fusion High: Илүү гүнзгий задлан шинжилгээ, өгөгдлийн бүтэц, архитектурын шийдэл шаардсан сорилтуудад дунд болон дээд түвшний моделиудыг холбоно.
- Fusion Max: Маш хүнд рефакторинг, multi-file синхрончлол, ээдрээтэй логик агуулсан даалгавруудыг хамгийн өндөр чадвартай том моделиудын хүчээр шийднэ.
Copilot Fusion цаанаа яг хэрхэн ажилладаг вэ?
Copilot Fusion нь зүгээр л тохирох ганц моделийг дуудаад зогсдоггүй. Энэхүү систем нь даалгаврын ээдрээнээс хамааран дараах 3 төрлийн ажлын урсгалыг (execution patterns) автоматаар сонгодог:
1. Single (Ганц моделийн шууд шийдэл)
Энгийн бөгөөд тодорхой асуултууд дээр систем нэмэлт шалгуур тавилгүй, тухайн даалгаварт тохирох ганц хөнгөн моделиор (жишээ нь, авсаархан хурдан загвар) хариултыг шууд үүсгэдэг. Энэ нь latency буюу хүлээх хугацааг хамгийн бага түвшинд барина.
2. Cascade (Шатлан ахиулах)
Хямд, хурдан модель эхний нооргийг бэлтгэнэ. Дараа нь чанарын автомат шалгуур (quality check layer) ажиллаж, тухайн ноорог шаардлага хангасан эсэхийг үнэлнэ. Хэрэв хангалттай бол шууд хөгжүүлэгчид нийлүүлнэ. Хэрэв эргэлзээтэй, учир дутагдалтай байвал автоматаар шат ахиулан илүү хүчирхэг модел руу шилжүүлж сайжруулдаг.
3. Critique (Шүүмж ба дахин боловсруулалт)
Энэ бол жинхэнэ Senior болон Junior инженерийн хамтын ажиллагааг дуурайсан хэлбэр юм. Нэг модель анхны кодыг бичихэд, өөр бие даасан өрсөлдөгч модель (adversarial reviewer) түүний edge case, аюулгүй байдал, синтакс алдааг тусгайлан шүүн шалгана. Илэрсэн алдаа, зөвлөмжийг буцаан эхний моделд өгч, эцсийн цэвэр, шалгагдсан кодыг үүсгүүлдэг.
Зардал ба гүйцэтгэл: 50% хямд, гэхдээ ижил чадвар
AI модел ашиглалтын хамгийн эмзэг цэг нь үргэлж API зардал, токен шаталт байдаг. Artificial Analysis агентлагийн Coding Agent Index бенчмаркийн хамгийн сүүлийн үр дүнгээс харвал Copilot Fusion нь сонирхолтой амжилт үзүүлжээ:
- Оноо: Fusion Max нь SWE бенчмаркт 60 оноо авсан нь тус салбарын тэргүүн эгнээнд бичигдэж буй Claude Code (Opus 5.5 Max-тайгаар 62 оноотой)-оос ердөө 2-хон онооны дутуу байна.
- Токены хэмнэлт: Нэг даалгаварт зарцуулах токены хэмжээг дунджаар 50%-иар багасгаж (7.2 сая токен), тооцоолох хугацааг 40% түргэсгэсэн байна.
- Зардал: Хамгийн үнэтэй ганц моделд бүх даалгавраа даатгаснаас 2 дахин бага API зардлаар ижил үр дүнд хүрсэн байна.
Хөгжүүлэгчийн хувьд энэ нь сарын эцэст ирэх токен төлбөрийн нэхэмжлэхийг эрс бууруулж, нэгэн зэрэг гүйцэтгэлийн хурдыг 1.5-2 дахин өсгөх боломж гэсэн үг юм.
Cloud болон Local хосолсон Edge Architecture
Copilot Fusion-ийн бас нэгэн чухал хувьсал нь зөвхөн Cloud модел ашиглахаас гадна хөгжүүлэгчийн дотоод машин дээрх Local LLM-үүдийг холбох (Bring Your Own Local Model / BYOK) гарцыг албан ёсоор дэмжиж эхэлсэн явдал юм.
Windows ML дээр суурилсан жижиг загварууд болон Copilot CLI-ээр дамжуулан Qwen зэрэг нээлттэй загваруудыг өөрийн техник хангамж дээр ажиллуулан Fusion-д бүртгүүлж болно. Ингэснээр интернет холболт муутай үед эсвэл компанийн маш нууц кодын хэсгүүдийг гадагш үүлэн сервер рүү дамжуулахгүйгээр локал моделдоо хариуцуулж, зөвхөн хүнд архитектурын даалгаврыг үүлэн тооцоолол руу шилжүүлэх боломж бүрдэж байна.
Дүгнэлт: Моделийн уралдаанаас оркестрацийн эрин үе рүү
Сүүлийн нэг жилд хөгжүүлэгч бүр "Claude 3.7 илүү юу, o3-mini сайн уу, эсвэл Gemini ашиглах уу?" гэж маргалддаг байв. Харин Copilot Fusion бидэнд нэг чухал үнэнийг сануулж байна: Ирээдүйн программ хангамж ганцхан "супер модел"-ийн мөрөн дээр тогтохгүй.
Цаашид хамгийн үр дүнтэй ажиллаж чадах системүүд нь тусгай үүрэгтэй жижиг, дунд, том моделиудыг нэгэн найрал хөгжим мэт удирдан залж, хамгийн бага зардлаар дээд зэргийн чанартай кодын логик бүтээдэг олон талт экосистем байх болно. Copilot Fusion одоогоор VS Code, JetBrains IDE, Copilot App болон CLI хувилбаруудад бүрэн нээлттэй болоод байна.
Эх сурвалж: GitHub Changelog, "Route and orchestrate models with GitHub Copilot Fusion" (github.blog/changelog) & Artificial Analysis Report.
Сэтгэгдэл
Ачаалж байна...