GitHub "Project HydraFusion"-ийг танилцууллаа: Нэг модель сонгох эрин төгсөж, олон LLM-ийг зэрэг удирдах шинэ архитектур гарч ирэв
AI кодчиллын хэрэгслүүд эрчимтэй хөгжихийн хэрээр хөгжүүлэгчдийн өдөр тутмын ажилд нэгэн шинэ толгойн өвчин бий болсон билээ: "Энэ кодод аль моделийг ашиглах вэ?"
Энгийн нэг Regex бичихэд өндөр өртөгтэй Claude Opus ажиллуулж токен шатаах нь санхүүгийн хувьд үрэлгэн. Харин эсрэгээрээ том систем архитектурчлах, олон файлын уялдаа холбоог засах хүнд асуудалд хямд модел ашиглавал хий үзэгдэл (hallucination) харж, цагаа гарзаддаг. Үүнээс үүдэн хөгжүүлэгчид терминал болон IDE дээрээ гараар модел сэлгэж, нэг моделийн бичсэн кодоор нөгөөгөө шалгуулах гэх мэт механик үйлдлийг өдөр бүр давтах шаардлага тулгарч байсан юм.
GitHub энэхүү асуудлыг сууриар нь шийдвэрлэх зорилготой Project HydraFusion нэртэй шинэ runtime оркестрацийн системийг танилцуулж, GitHub Copilot CLI-д судалгааны урьдчилсан хувилбараар (Research Preview) нээлээ.
HydraFusion гэж юу вэ? Шинэ модел биш, харин ухаалаг "Оркестратор"
HydraFusion нь өөрөө бие даасан шинэ LLM биш юм. Харин хөгжүүлэгчийн илгээсэн команд, даалгаврыг бодит хугацаанд (runtime) шинжилж, тухайн даалгаварт тохирох гүйцэтгэлийн динамик төлөвлөгөө (Execution Plan) боловсруулан олон өөр моделийг зэрэг удирдан ажиллуулдаг "Compound AI System" юм.
Одоогийн AI туслахууд таны сонгосон ганц модель дээр бүх яриа, файлын контекстийг чихэж, дуустал нь тэр моделиор л хариулуулдаг байсан бол HydraFusion нь хүсэлт бүрийн түвшинд ажилладаг. Систем нь хөгжүүлэгчийн өгсөн даалгаврын нарийн төвөгтэй байдал, логик сэтгэлгээний шаардлага, кодын цар хүрээг үнэлээд дараах 3 үндсэн загвараар (execution patterns) автоматаар зохион байгуулдаг:
1. Single Mode (Нэг модель)
Шууд syntax сануулах, жижиг хэсгийг өөрчлөх, энгийн CLI команд асуух зэрэг нарийн судалгаа шаардлагагүй ажлуудад хөнгөн, өндөр хурдтай ганц моделийг сонгон хамгийн бага хоцролт (latency) болон зардлаар шууд гүйцэтгэнэ.
2. Cascade Mode (Шатлан ахих)
Эхлээд хурдан бөгөөд хямд модел шийдлийг боловсруулж (draft) харна. Дараа нь системд суулгасан "quality gate" шалгуур уг үр дүнг шалгана. Хэрэв код шалгалтад унах, lint алдаа гарах, эсвэл логик дутуу байвал HydraFusion уг даалгаврыг автоматаар илүү чадалтай, том frontier модел руу шилжүүлэн гүйцэтгүүлдэг. Ингэснээр ихэнх хялбар үе шатыг хямд зардлаар давж, зөвхөн шаардлагатай үед л том моделийн хүчийг ашиглана.
3. Critique Mode (Хөндлөнгийн хяналт)
Програм хангамжид "дөрвөн нүдний зарчим" хамгийн үр дүнтэй байдгийг бид мэднэ. Энэ горимд нэг модел кодын шийдлийг бичиж бэлтгэхэд өөр гэр бүлийн бие даасан модел (жишээ нь нэг архитектурын модел бичиж, огт өөр компанийн модел шүүмжлэх) хөндлөнгөөс read-only байдлаар "Rubber Duck" зарчмаар хянаж, эмзэг байдал болон edge case-үүдийг зааж өгнө. Анхны модел уг шүүмжийн дагуу кодоо нэг удаа дахин засаж сайжруулснаар эцсийн цэвэр кодыг хөгжүүлэгчид өгдөг.
Үр дүн: Зардлыг 67% хэмнэж, Opus 5-аас илүү чанар үзүүлэв
GitHub-ийн нийтэлсэн оффлайн үнэлгээний тайлангаас харахад HydraFusion нь AI кодчиллын эдийн засгийн үр ашгийг цоо шинэ шатанд гаргажээ.
- TerminalBench 2.1: Зөвхөн дан ганц Claude Opus 5 ашигласан суурь үр дүнтэй харьцуулахад HydraFusion нь зардлыг 67%-иар бууруулсан атлаа даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн хувь нь 4.9 пунктээр илүү гарсан байна.
- DeepSWE ба CheckpointBench: Хүнд түвшний системийн инженерчлэлийн эдгээр бенчмаркууд дээр чанарын хувьд Opus 5-тай үндсэндээ ижил түвшинд (0.1–1.5 пунктээр ялимгүй зөрүүтэй) байсан боловч ажлын өртгийг 36%-аас 65% хүртэл бууруулж чаджээ.
Энэ нь хөгжүүлэгчийн өдөр тутмын олон зуун удаагийн хүсэлт бүрд хүчирхэг моделийн бүх токенийг өндөр үнээр төлөхийн оронд зөв мөчид, зөв моделийг хослуулах нь чанарыг алдагдуулахгүйгээр зардлыг эрс танах боломжтойг баталж байна.
Хөгжүүлэгчид хэрхэн ашиглах вэ?
Одоогоор HydraFusion-ийг туршиж үзэхийн тулд GitHub Copilot CLI-ийн сүүлийн хувилбар дээр дараах алхмуудыг хийхэд хангалттай:
- Терминал дээрээ хамгийн сүүлийн хувилбар луу шинэчилнэ:
/update - Туршилтын горимыг асаана:
/experimental on - Модель сонгох хэсэг рүү орж, жагсаалтаас сонгоно:
/model # Сонголтоос "HydraFusion (Research Preview)"-ийг сонгоно
Үүний дараа та ердийнх шигээ даалгавраа бичих бөгөөд арын албанд ямар execution pattern (Single, Cascade эсвэл Critique) ажиллаж, аль моделууд хамтарч буйг HydraFusion автоматаар зохицуулна. Тооцооллын төлбөр нь таны даалгаварт бодитоор зарцуулагдсан тухайн моделуудын стандарт токен үнээр бодогдох зарчимтай байна.
Дүгнэлт: AI кодчиллын ирээдүй "Model War" биш "Orchestration"
Өнгөрсөн хоёр жилийн турш AI компаниудын өрсөлдөөн "Хэн хамгийн том, хамгийн их параметр бүхий ганц моделийг бүтээх вэ?" гэдэг дээр төвлөрч байв. Харин GitHub Copilot-ийн HydraFusion нь бодит амьдрал дээр программ хөгжүүлэлтийн ирээдүй цор ганц "супер тархи" дээр биш, харин тусгайлсан олон жижиг агент, загваруудыг зөв зохион байгуулах оркестраци (orchestration) дээр суурилахыг харууллаа.
Нэг чат цонхонд ганц моделтой харьцаж, prompt-оо засаж суухын оронд олон төрлийн модел бие биеэ шалгаж, шатлан сайжруулдаг энэхүү compound архитектур нь 2026 оны программ хангамжийн инженерийн шинэ стандарт болох нь тодорхой харагдаж байна.
Эх сурвалж: The GitHub Blog, "Project HydraFusion: Frontier quality via multi-model orchestration", GitHub Community Research Discussions.
Сэтгэгдэл
Ачаалж байна...